News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлыг ням гариг бүр тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам тохиосон өдрүүд байлаа.
УИХ-ын 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах саналаа хүргүүлэв
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын нэр бүхий 25 гишүүний гарын үсэгтэй, ээлжит бус чуулган зарлах хүсэлтийг УИХ-ын даргад өгөв. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах санал гаргавал, УИХ-ын дарга 14 хоногийн дотор хариу өгөх юм байна. Тиймээс Үндэсний их баяр наадмын дараа ээлжит бус чуулган зарлана гэдэгт найдаж байна гэдгээ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэлж байсан юм. Тэрбээр, дэлхийн 70 орчим орны парламентад “Халуун сандал” арга хэмжээ бий. Энэ нь аливаа асуудалтай холбогдсон албан тушаалтнаас мэдээлэл авч, үнэнийг нь хэлүүлж, сэтгүүлчдэд нэгдсэн тайлбар, мэдээлэл өгөх зорилготой. Манайхаар бол Нийтийн сонсголтой ижил. Тиймээс ээлжит бус чуулган хийж АТГ-ын дарга, удирдлагууд оролцож, “60 тэрбум”-ын хэрэг эвлүүлэг байсан эсэхийг нотлон харуулах, тайлбар өгөх ёстой юм. Энэ асуудлаар би цагдаа, тагнуулын байгууллага, МАН-ын Хяналтын хороонд хандана. Түүнчлэн УИХ-ын Ёс зүйн хорооны даргад хандахаар төлөвлөж байна. Мөн иргэдийн дунд нээлттэй утас ажлуулсан. 60 тэрбумын хэрэгтэй холбоотой байж болохуйц 11 тохиолдол утсаар болон бичгээр ирсэн. Түүнийг прокурорт шилжүүлнэ’ гэдгийг тодотгосон юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг арилжаалахыг судлах ажлын хэсэг байгуулав
Хаврын чуулган “Эрдэнэс Тавантолгойг” ашиглалтад оруулах чухал шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан тус компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжихтай холбогдуулан байгуулсан Ажлын хэсгийг сайд Д.Сумъяабазар ахална. Ажлын хэсэг хувьцаа арилжих бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, зөвлөмж, чиглэл өгөн, тулгамдсан асуудлыг зохицуулж шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, явц, үр дүнгээ Засгийн газарт танилцуулж байх үүрэгтэй юм.
Хувьцаа арилжаалахтай холбогдсон асуудлыг хариуцах дэд Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, хилийн боомтын асуудлыг Сангийн сайд, төмөр зам, авто замыг Зам, тээврийн хөгжлийн сайд, эрчим хүчийг Эрчим хүчний сайд, байгаль орчин, усан хангамжийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулан байгуулжээ.
Шинэ арслан, шинэ даян мэргэнтэй наадам болж өндөрлөв
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, төрийн их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүллээ. Увс аймгийн Ховд, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ-3” ТӨХК, Сүхбаатар аймгийн ОБЕГ-ын бөх юм. Мөн энэ жилийн наадамд улсын цолтон ес төрж, Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо нар харцага цолтон болсон юм.
Баяр наадмын сурын харваа долдугаар сарын 10-ны өдөр эхэлж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Харваачид нийт 40 сум тавьснаас эрэгтэй, эмэгтэй шилдэг таван харваач тодров. Эрэгтэйчүүдээс Говь-Алтай Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 40 сумнаас 37 онож, Монгол улсын мэргэн цолны болзол хангалаа. Эмэгтэйчүүдээс Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож, Монгол улсын даян мэргэн цолны болзол хангалаа. Д.Норжмаа арваад жилийн өмнө улсын их баяр наадамд түрүүлж байснаас гадна дөрвөн ч удаа дэд байранд орж байжээ.
Д.Гантулга, Д.Мурат нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж, Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг прокурор хянаж, өнгөрсөн баасан гаригт шилжүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийн мөн хянаж дуусаад, даваа гаригт буюу долдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
УИХ-ын гишүүн Д.Муратыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Эрүүгийн 11.6 дугаар зүйл ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’, нэгдэх ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ’ гэсэн заалтаар яллах дүгнэлт үйлджээ.
Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн 12.1.1 дүгээр зүйл Хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл Хүчиндэх, Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Баянзүрх дүүргийн шүүх 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгийг товлох учиртай.
Түрээсийн дугуйн үйлчилгээ ажиллаж эхэллээ
“Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “UBike” төсөл албан ёсоор нээлтээ өнгөрч буй долоо хоногт хийсэн юм. Энэхүү төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Тухайлбал, энэ онд 45 байршилд 500 ширхэг дугуйг түрээсийн үйлчилгээнд гаргах аж. Цаашид 2020 он гэхэд 150 зогсоол, 2000 унадаг дугуй, 2021-2026 онд 250 зогсоолтой 2500 ширхэг унадаг дугуй, 2027-2030 он гэхэд 5000 ширхэг унадаг дугуйг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.
Унадаг дугуйн түрээсийн төлбөрийг төлөхөд төлбөр тооцооны ухаалаг шийдлийг ашиглаж, “UBIKE” аппликэйшн нэвтрүүлж эхэлжээ. Хэрэглэгч утсандаа “UBIKE” аппликэйшн татаж суулгана. Анх бүртгүүлэхдээ 10 мянган төгрөгийн хураамж төлнө. Гэхдээ тэр мөнгийг таны данснаас суутгаж авахгүй, зөвхөн дугуйны төлбөр төлөхөд л суутгана гэсэн үг. Тэгээд өөрт ойрхон дугуйны зогсоолоос дугуйгаа сонгож дугуйныхаа QR кодыг уншуулснаар дугуй унах эрх нээгдэнэ. Хамрах хүрээн дотор зогсоолоос зогсоолын хооронд дугуй унана. Дугуйг унаж дуусаад түгжээг заавал гараар түгжсэнээр таны төлбөр зогсоно. Хэрэв гараар түгжихгүй бол таны данснаас мөнгө хасагдсаар байх болно. Хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг, хамрах хүрээнээс гадуур түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нэмж бодогдох юм байна. Мөн дугуйг зогсоолоос өөр газарт үлдээвэл торгууль 500 төгрөг данснаас хасагдах гэнэ.
Ш.ЧИМЭГ