Тоглолтын өмнө: ФРАНЦ-ХОРВАТ

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ФРАНЦ-ХОРВАТ

Тоглолтын өмнө: ФРАНЦ-ХОРВАТ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) өндөрлөхөд ганцхан тоглолт үлдлээ. Өнгөрсөн шөнө Белги, Английн тоглолт Санкт-Петербург хотод болж, белгичүүд түүхэн ялалт байгуулан хүрэл медаль хүртсэн. Белгийн шигшээ баг ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж байсан нь хамгийн өндөр амжилт байсан бөгөөд энэхүү амжилтаа ахиулж чадлаа.

Өнөө шөнө Франц, Хорватын тоглолт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд 23:00 цагаас болж, “Алтан цом”-ын эзэн баг тодорно. 21 дэх удаагийн ДАШТ зургадугаар сарын 14-yд ОХУ, Саудын Арабын тоглолтоор нээлтээ хийж байсан бол Франц, Хорватын шигшээ багийн тоглолтоор өндөрлөх гэж байна.

ФРАНЦ

1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг шөвгийн 16-д Аргентинийг, шөвгийн наймд Уругвайг, хагас шигшээд Белгийг хожин аваргын төлөө шалгаран үлдээд байна. Францчууд хэсэгтээ Австрали, Перуг хожин Данитай тэнцэн хэсгээ тэргүүлсэн. Улмаар хасагдах шатны эхний тоглолтод дэлхийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси тэргүүтэй Аргентинийг 4:3-аар хожсон юм.

Од тоглогч олонтой Францын шигшээ баг том багуудыг төлөөлөн финалд үлдлээ. 1998 оны дэлхийн аваргад түрүүлсэн Францын шигшээ багийн ахлагч Д.Дешам энэ удаа шигшээ багаа удирдан оролцож байна. Д.Дешам 2012 оноос хойш шигшээ багаа удирдаж байгаа бөгөөд хоёр жилийн өмнө шигшээ багаа Европын аваргад дэд аварга болгосон удаатай.

Францын шигшээ баг 2006 онд Германд болсон ДАШТ-ий финалд Италитай 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилтоор ялагдаж байжээ.

Өнөө шөнө ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт францчууд Белгийг хожиж чадвал дэлхийн хошой аварга болох юм.

ХОРВАТ

Хасагдах шатанд Дани, ОХУ, Английг хожиж аваргын төлөө шалгаран үлдсэн Хорватын шигшээ баг энэ дэлхийн аваргын онцлох багийн нэг болж байна. Хорватын шигшээ баг 1998 онд Францад болсон дэлхийн аваргад анх оролцохдоо шууд хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа мөнгөн медаль болгон ахиулж чадлаа. Одоо тэд Францын эсрэг тоглоход бэлэн болжээ. Өнөө шөнө хорватчууд хүчирхэг Францыг хожиж чадвал дэлхийн аварга хэмээх цолны эзэн болно.

Хорватын шигшээ баг долдугаар сарын 7-ны өдөр Сочи хотод хүнд тоглолт хийсэн. Шөвгийн наймд учраа таарсан ОХУ, Хорватын тоглолт 2:2-оор тэнцэж, улмаар торгуулийн цохилтоор ялагч тодрох болсон юм. Хожсон нь медалийн төлөө өрсөлдөх боломж нээлттэй болох байсан энэ тоглолтод хорватчууд илүү байж, 4:3-аар өрсөлдөгчөө хожсон.

Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг шөвгийн 16-д дэлхийн аварга Испанийг хожиж наймд үлдээд байсан бөгөөд Хорватад ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.

Тэгвэл дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ баг мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж