Наадмын дараа намар гэдэг. Үндэсний их баяр наадмаа урт удаан тэмдэглэж байгаа монголчуудад намар ирснийг сануулья. Зуны сайханд тайвширч, намрынхаа ажлыг мартаж өвөлд ‘үйлээ үздэг’ сургамжийг малчид мундахгүй олон амссан. Зун, намрын зургаан сар өвс тэжээл, түлээ түлш, хоол хүнсээ ахиухан базаагаад авсан малчдын хувьд өвөлтэй золгоход айх хэрэг гарахгүй. Харин зун, намрын сар айраг цагаа, амралт зугаалга гэж явсан малчдад өвөл хүндхэн сорилт болох нь лавтай. Засгийн газрын зүгээс өвөлжилтийн бэлтгэлээ эртхэн хангахыг баяр наадмын өмнө сануулсан.
Энэ жил бороо хэдий орж байгаа ч нийт нутгийн 30 хувь нь хэвийн, 30 гаруй хувьд нь дунд хэмжээний зуншлагатай байгаа бол 40 хувьд нь зуншлага муу байгаа юм. Тиймээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангуулах Засгийн газрын тогтоол гарч нөөц хөрөнгөнөөс 900 сая төгрөг гаргаж, аймгуудад хуваарилахаар болсон. ‘Тус мөнгөөр зун, намрын отор нүүдэл хийх, малын хөдөлгөөнийг хянах пост нэмэгдүүлэх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, оготно царцааны нүүдэлтэй тэмцэх, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна” гэдгийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдэгдсэн.
‘Хадлангүй малчин өвөлдөө зүдэрнэ, ханьгүй хүн өтлөхдөө зүдэрнэ’ гэдэгчилэн эртнээс хахир өвөлд ханцуй шамлан бэлдэе. Нар эргэж, наадам өндөрлөсөн, монголчуудаа.
Э.ЖОНОН