Бельги Английг хожиж, ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Бельги Английг хожиж, ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртлээ

Бельги Английг хожиж, ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль хүртлээ

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд ганцхан тоглолт үлдлээ.

21 дэх удаагийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Англи, Бельгийн шигшээ баг шалгараад байсан юм. Хоёр багийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж, 2:0-оор Белгийн шигшээ баг хожлоо.

Тоглолт эхлээд удалгүй дөрвөн минутад Бельгийн хамгаалагч Тома Мёнье Английн хаалганд эхний гоолыг оруулсан бол 82 дахь минутад Эдэн Азар хоёр дахь гоолыг оруулснаар белгичууд ялалтаа баталгаажуулж чадсан юм. Бельгийн шигшээ баг 1986  онд Мексикт болсон ДАШТ-д дөрөвдүгээр байрт орж байсан амжилтаа ахиулж чадлаа.

Английн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д Бельгид хоёр удаа хожигдлоо. Учир нь хоёр баг G хэсэгт багтсан бөгөөд Бельги Английг хожиж, хэсгээ тэргүүлсэн.

Бельги шөвгийн 16-д Японы шигшээ багт 2:0-оор хожигдож яваад тоглолтыг эргүүлж 3:2-оор хожин шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар дэлхийн таван удаагийн аварга Бразилыг 2:1-ээр хожин хагас шигшээд үлдсэн. Бельгичууд финалд өрсөлдөх эрхийн төлөө Францад 1:0-оор хожигдон хүрэл медалийн төлөө тоглох болсон юм.

Белгийн шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д ганцхан Францад хожигдож, Английн шигшээ багийг хоёр удаа хожин, хүрэл медаль хүртэн түүхэн амжилтыг үзүүллээ.

1966 оны дэлхийн аварга Английн шигшээ баг хэсэгтээ Бельгийн араас хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Улмаар Колумб, Шведийг хожин, Хорватад хожигдон хүрэл медалийн төлөө тоглохоор болсон юм. Гэхдээ энэ удаа англичуудын өрсөлдөгч хэсэгтээ хожигдсон Бельгийн шигшээ баг байлаа. Өнөөдрийн тоглолтод мөн Бельгийн шигшээ багийн давамгайлалаар өндөрлөсөн.

Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохион байгуулсан ДАШТ-д түрүүлж байсан бол түүнээс хойш 1990, 2018 онд шагналт дөрөвдүгээр байрт орлоо.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж