Хүрэл медалийн тоглолтын өмнө: Бельги-Англи

Хуучирсан мэдээ: 2018.07.14-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Хүрэл медалийн тоглолтын өмнө: Бельги-Англи

Хүрэл медалийн тоглолтын өмнө: Бельги-Англи

XXI дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ний хүрэл медалийн төлөөх тоглолт өнөө орой 22.00 цагаас Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд Бельги, Английн шигшээ багуудын дунд болно. Хоёр баг дэлхийн аваргын G хэсэгт багтсан бөгөөд хэсэгтээ таарч тоглоход Бельгийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Хэсгээ тэргүүлсэн Бельгийн шигшээ баг хасагдах шатанд Япон, Бразилын шигшээ багуудыг хожиж хагас шигшээд Францын шигшээд хожигдсон. Английн шигшээ баг Колумби, Шведийн шигшээ багуудыг хожиж хагас шигшээд Хорватад хожигдсон.

Хоёр баг нийтдээ 22 удаа тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө хэсгийн тоглолтонд таарч тоглосон. Хоорондын статистикаас харвал Английн шигшээ баг 15 удаа ялалт байгуулсан бол Бельгийн шигшээ баг ердөө 3 удаа хожсон байдаг. Сүүлийн тоглолт бол Английн шигшээ багийн хувьд магадгүй тактикийн тоглолт байж болох талтай.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Бельги: Т.Куртуо, Я.Вертонген, В.Компани, Т.Алдервейрелд, А.Вицел, де Бройне, Н.Чадли, Т.Менье, М.Феллайни, Э.Азар, Р.Лукаку
  • Англи: Ж.Пикфорд, К.Уокер, Ж.Стоунс, Х.Магуайр, К.Триппер, Д.Али, Ж.Хендерсон, Ж.Лингард, Ф.Дельф, Р.Стерлинг, Х.Кейн

Бельгийн шигшээ баг 2 дахь удаагаа, Английн шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аваргын медалийн төлөө тоглох гэж байна. Бельгийн шигшээ баг 1986 оны дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Францад хожигдож байсан бол Английн шигшээ баг 1966, 1990 онд хагас шигшээд шалгарч 1966 онд алтан медаль хүртсэн ч 1990 онд хүрэл медалийн төлөө Италийн шигшээ багтай тоглож хожигдож байсан.

Хэдийгээр хүрэл медалийн төлөөх тоглолт ч гэлээ хоёр багийн хувьд ач холбогдолтой тоглолт байх болов уу? иймд үндсэн тоглогчид өнөөдөр гараанд гарах магадлалтай ч Ж.Хендерсон, К.Уокер, Э.Янг нар тоглолтыг сэлгээнээс эхлүүлж болох юм. Бельгийн шигшээ багаас Т.Менье гараанд гарах бол Я.Карраско сэлгээнээс эхлүүлж магадгүй байгаа. Бельгийн шигшээ багийн алтан үе гэгдэж байгаа тул заавал дэлхийн аваргаас медаль авах хүсэл Английн шигшээ багийн тоглогчдоос илүү их байгаа болов уу? Хэрвээ медальгүй хоцорвол Бельгийн алтан үе дөрвөн жилийн дараа боломж нь улам бүр багасна. Тэдний өрсөлдөгч Английн шигшээ баг бол харьцангуй залуу бүрэлдэхүүнтэй. Тэд дөрвөн жилийн дараа илүү их аюул тарихуйц баг бүрдэнэ. Гэхдээ өнөөдөр Г.Саутейт нэг дэлхийн аваргад хоёр удаа Бельгид хожигдох хүсэлгүй байгаа. Иймд өнөөдрийн тоглолтонд Английн шигшээ багийн ялалтаар өндөрлөж болох юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж