Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр, Хотонт, Өлзийт, Батцэнгэл сумдын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул аймгийн Засаг даргын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосон юм.
Гэвч хорио цээрийн дэглэм тогтоосон байхад хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчиж шилжилт хөдөлгөөн хийсэн, амьд мал тээвэрлэсэн, хулгайн тээвэр хийсэн зөрчил гарчээ. Иймээс хорио цээрийг зөрчсөн нийт 46 иргэнд Зөрчлийн тухай хуулиар 6.1 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулжээ.
Шинээр мөрдөгдөж байгаа Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар хорио цээрийн дэглэм зөрчиж сэжигтэй бүсээс шилжилт хөдөлгөөн хийсэн, зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээнд мал, амьтнаа тогтоосон хугацаанд хамруулаагүйгээс бусдад учирсан хохирол болон уг арга хэмжээг нөхөн хэрэгжүүлэхэд зарцуулсан зардлыг мал, амьтан өмчлөгч хариуцдаг болсон. Мөн малчид өөр сумын нутаг дэвсгэрээс мал, амьтан шилжүүлэн авчрах бол мал эмнэлгийн тасагт урьдчилан мэдэгдэж, авчирсан даруй үзлэг хийлгэн тухайн сумын хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлэхээр хуульчилсан байдаг.
Цаашид амралт зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд, малчид өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байх, тогтоосон авто замын маршрутаар зорчих, голомтын бүсээс шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, малаа хариулга маллагаатай байлгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.