Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны харваанд газар газраас хуран цугларсан 580 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорилоо.
Эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаа Монгол Улсын “Даян мэргэн” цол хүртсэн юм.
2007 оны улсын баяр наадамд анх түрүүлснээс хойш 4-5 удаа тэргүүн байрын төлөө товх харваж байсан Д.Норжмаа даян мэргэнтэй баярынх нь сэтгэгдлээс хуваалцлаа.
-Үндэсний их баяр наадамд хоёр дахь удаагаа түрүүллээ. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Би 20 жил сур харваж байна. Энэ сайхан уламжлалт спортыг эзэмшихэд аав, ээжийн хичээл зүтгэл их байлаа. Надад үндэсний сур харвах үндэс суурийг тавьж байсан дархан аварга Х.Баянмөнх, Дэжинбээ эгчдээ баярлаж байгаагаа хэлмээр байна. Би олон хүнд талархаж явдаг. Сур харваж эхэлсэн тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Өөртөө энэ жил сайхан бэлэг барья гэж их хичээсэн юм.
-Та анх 2007 онд улсын их баяр наадамдаа түрүүлж байсан. Түүнээс хойш олон жил түрүү байрын төлөө харваж байсныг наадамчин олон андахгүй?
-Би 2000 оноос хойш “Алдар” спорт хорооны сурын спортыг хариуцан ажиллаж байгаа. Жил бүрийн төрийн их баяр наадамд манай харваачид сайн оролцдог уламжлалтай. “Алдар”-ынханы зургаа дахь наадмын түрүү боллоо. Үндэсний сурын спорт үнэхээр сайхан спорт юм. 2007 онд улсын наадамд анх удаа түрүүлж байснаас хойш олон ч жил өнгөрлөө. Энэ хугацаанд наадмын түрүү байрын төлөө 4-5 удаа товх харваж, ялагдаж байсан. Надад юу ч тохиолдож байсан харвах ёстой шүү дээ гэдэг тийм сайхан зүйлийг сурын спорт суулгаж өгчээ. Байнга амжилтын төлөө зүтгэн хөдөлмөрлөж байсны минь ач тус гарч байна.
-Та энэ жилийн наадмын өмнөх сорилгод сайн харваж байсан шүү дээ?
-Наадмын өмнөх сорилгод түрүүлж өөрийнхөө байдлыг харсан. Ер нь сайн байсан. Өөртөө итгэлтэй байсан. Эхний хоёр өдөр 20 сумнаас алдаагүй. Сандрал багатай харвалаа. Олон жил харвасны туршлага байсан байх. Наадмын эхний өдөр бороо орж харваачид бороотой, салхитай нөхцөлд харваагаа хийсэн. Шаагисан асгарсан бороонд дунд харваж, энэ бүгдийг давж чадсандаа баяртай байна. Өөрөөрөө бахархаж байна.