Монгол Улсын Гадаад харилцааны сайд, Дэлхийн монголчуудын чуулганы зохион байгуулах хорооны дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ бусад улс дахь монгол туургатнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэл, соёл, уламжлалаа хадгалан хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдал Монгол Улсын гадаад бодлогын нэг чухал зорилт болохыг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр монгол туульсыг хүүхэд, залууст заан сургаж, өвлөн эзэмшүүлэх ажлыг өрнүүлэх санал дэвшүүлэв. Тус чуулганд гадаадын 25 оронд оршин суугаа монгол туургатны олон төлөөлөгч, зочид хүрэлцэн ирсэн бөгөөд тэднийг төлөөлж Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, ОХУ-ын Халимаг Улсын ерөнхийлөгч асан К.Н.Илюмжинов үг хэлэхдээ монгол туургатан бизнес эрхлэгчид уугуул нутаг- Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг уриалаад өөрийн зүгээс тодорхой төсөлд 100 сая долларын хөрөнгө оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Дэлхийн монголчуудын чуулганы үеэр эрдэм шинжилгээний хурал, гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэн, үндэсний спортын тэмцээн, үндэсний хувцасны үзүүлбэр, концерт, үдэшлэг зэрэг олон арга хэмжээ зохиогдох ажээ.