Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам өндөрлөлөө. Баярын наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, төрийн их баяр наадамдаа хоёр дахь удаагаа түрүүлсэн юм.
Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 512 бөх хүчээ сорьсноос шинэ аварга, дөрвөн харцага, таван начин цолтон шинээр төрсөн бол Улсын заан Н. Жаргалбаяр заан цолоо баталгаажуулсан юм.
ЕСӨН ХҮҮХЭД МОРИНООС УНАСНААС ХОЁР НЬ ГЭМТЭВ
Үндэсний их баяр наадмын морин уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар Хүй долоо худагт уламжлал ёсоор эхэлсэн билээ. Хязаалан насны морьдын уралдаанд 345 үрээ бүртгүүлснээс 236 орчим нь хөх тэнгэртээ тоосоо өргөсөн юм. Энэ уралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээр үрээ түрүүлж, аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд хурдаллаа. Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар хязаалан уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.
Энэ насанд Хязаалан насны хүлгүүд 18 км-ын зайнаас уралдлаа.
Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд долдугаар сарын 10-ны өдөр уралдаж, барианд орлоо.
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор
- Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул
- Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр
- Завхан аймгийн Түдэвтэй сумын уяач Г. Батбаатарын цолмон халтар
- Төв аймгийн Баянцагаан сумын А. Ууганбаярын хээр
- Шунхлай группын П. Батсайханы зээрд
- Хэнтий аймгийн Галшар сумын уяач А. Амарбатын хээр
- Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Б. Энх-Амгалангийн ягаан тус тус оржээ.
Энэ насанд 308 үрээ бүртгүүлснээс 201 ийнхүү айргийн таваар хурдалсан. Бүртгүүлсэн 308 үрээнээс шүдээр морь хасагдаагүй, үүлдэрлэг байдлаар 67 , сэрвээний өндрөөр 17, нийт 84 шүдлэн хасагдсан.
Тоосонд нь даруулахад хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 281 хурдан буян бүртгүүлж, гарааны зурхай руу 197 соёолон хөдөллөө. Соёолонгийн уралдаан Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан түрүүллээ. Энэ соёолонг найман настай П.Пүрэвбат хурдлууллаа.
Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумийн харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар хурдаллаа. Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр, айргийн дөрөвт, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор, айргийн тавд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ айрагдаж унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.
Уралдааны явцад хоёр хүүхэд мориноос унасан. Гэхдээ биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй болохыг яаралтай түргэн тусламжаас мэдээлсэн. Уралдаанд үүлдэрлэг байдлаар 37 үрээ, шүдээр 25, тариач хүүхэд зургааг авч үлдсэн. Нийтдээ 65 үрээг уралдаанаас хассан юм.
Ж.БАТ-ЭРДЭНИЙН ДААГА ХАСАГДАЖ, Н.БАЯРХҮҮГИЙН ДААГА ТҮРҮҮЛЛЭЭ
Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадмын дааганы уралдаанд газар газрын шандаст 261 хурдан буян бүртгүүлж, 112 даага гарааны зурхайгаас гарсан. Дааганы уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Монгол Улсын Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаярын уяж уралдуулсан уяач Ж.Бат-эрдэнийн хурдан бор даага тод магнай торгон жолоо өргүүллээ.
Аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд хурдаллаа. Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага, айргын дөрөвт Ховд аймгийн Мянгат сумын Батсуурийн Энхбаярын хурдан хээр даага, айргын тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Батбаярын хээр даага айрагдаж унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.
Энэ уралдаанд Булган аймгийн уяач Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн боловч дөнгөж сая наадмын комиссоос мэдээлэл хийж, эрлийз даага байсан учраас уралдаанаас хасчээ. Тиймээс айргийн хоёрт орсон даага Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд энэ жилийн дааганы уралдааны түрүү магнай болж байна. Түрүү морь хасагдсан учраас автоматаар айрагдсан дааганууд урагшилж байна.
Айргийн хоёрт, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага, айргийн гуравт Ховд аймгийн Мянгат сумын Батсуурийн Энхбаярын хурдан хээр даага, айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Батбаярын хээр даага, Увс аймгийн Зүүн баян сумын Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан даага айрагдаж унасан хүүхдээ баярлуулан наадамчин олныг баясгалаа.
МОНГОЛ УЛСЫН ‘ДАЯН МЭРГЭН’ ТӨРЛӨӨ
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 35 онож 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 40 сумнаас 35 онож 3 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Н.Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олгов.
Мөн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол олголоо
ШАГАЙН ХАРВААНД ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ. Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг, гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.