Б.Дашзэвэг улсын мэргэн, Д.Норжмаа даян мэргэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Б.Дашзэвэг улсын мэргэн, Д.Норжмаа даян мэргэн боллоо

Б.Дашзэвэг улсын мэргэн, Д.Норжмаа даян мэргэн боллоо

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугларсан 580 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорин шилдэг харваачид тодорлоо. Энэ жилийн сурын харваанд улсын цол зэрэгтэй 240 харваач оролцсоноос гадна шинэ залуу харваачид өнгөтэй сайхан наадлаа.

Баяр наадмын сурын харваа долдугаар сарын 10-ны өдөр эхэлж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Харваачид нийт 40 сум тавьснаас эрэгтэй, эмэгтэй шилдэг таван харваач тодров. Эрэгтэйчүүдээс Говь-Алтай Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг 40 сумнаас 37 онож, Монгол улсын мэргэн цолны болзол хангалаа.

Эмэгтэйчүүдээс Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа 40 сумнаас 37 онож, Монгол улсын даян мэргэн цолны болзол хангалаа. Д.Норжмаа арваад жилийн өмнө улсын их баяр наадамд түрүүлж байснаас гадна дөрвөн ч удаа дэд байранд орж байжээ.

ДҮНГ ТАНИЛЦУУЛЬЯ:

Эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харвасан бөгөөд хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тавилаа.

ЭРЭГТЭЙ:

  1. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, спортын мастер Баатарын Дашзэвэг – 37 оноогоор түрүүлж, Монгол улсын мэргэн цолны болзол хангалаа.
  2. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер, Хорлоогийн Цогбаяр 35 онож, Монгол улсын гарамгай харваач цолны болзол хангалаа.
  3. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, спортын мастер Нармандахын Алтансүх 35 оноогоор Монгол Улсын гоц харваач цолны болзол хангалаа.
  4. Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Алдар Жем” багийн харваач, Монгол улсын спортын мастер Нармандахын Алтантулга 35 оноогоор
  5. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” компаний харваач, Монгол улсын мэргэн Хасагын Болдбаатар 35 оноогоор эхний байрт орлоо.

ЭМЭГТЭЙ:

  1. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алдар Жем” багийн харваач Монгол улсын мэргэн Дамирангийн Норжмаа – 37 оноогоор Монгол улсын даян мэргэн цолны болзол хангалаа.
  2. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, “Говь-Эрдэнэ кашмер” ХХК, “Мэргэн зэв” клубын харваач Монгол улсын мэргэн Гийнаагийн Батзаяа – 36 оноо
  3. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Мондэ багийн харваач, Монгол улсын гарамгай харваач Чагнаадоржын Гандаваа 33 оноогоор
  4. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүүхээ мэргэн” клубын харваач, спортын мастер Ганболдын Энхмандах – 33 оноогоор
  5.  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуу, аймгийн мэргэн, спортын мастер Энхбатын Сайханчимэг – 32 оноогоор тус тус төрийн их баяр наадмын шилдэг харваачдаар шалгарлаа.

Ч.БОЛОР, Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж