Үндэсний их баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа, хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй, хийн түлш, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр хяналт тавин ажиллаж буй. Тэгвэл тус газрын эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Одончимэгээс өнөөдөр /2018.07.12/ гарсан зөрчлийн талаар тодрууллаа.
Тэрбээр “15.00 цаг хүртэлх хяналт шалгалтын явцад өнгөрсөн 11-ны шөнө хонуулаад амталсан махаар өглөө хуушуур хийхийг завдсан зөрчил гарсан. Бороотой чийгтэй байгаа учраас буруу хадгалалтын улмаас мах муудсан байсан. Муудсан махаар хоол хийвэл махны өнгөнд өөрчлөлт ордог. Ийм төрлийн зөрчлөөр хэд хэдэн аж ахуйн нэгжүүдээс 20 кг мах хурааж, газар дээр нь устгах арга хэмжээг авсан. Үүнээс гадна зөвшөөрөлгүй цэгт шорлог, хорхог хийх, хөөсөн чихэр зарах зэрэг зөрчил буурч өгөхгүй байна. Дээрх зөрчлүүд дээр нэмээд хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй тоглоом ажиллуулах гэж байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авсан” гэв.
Э.Бурам