Төв цэнгэлдэхийн жуулчдыг татсан Каллиграфч

Хуучирсан мэдээ: 2018.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Төв цэнгэлдэхийн жуулчдыг татсан Каллиграфч

Төв цэнгэлдэхийн жуулчдыг татсан Каллиграфч

Муутуу цаасан дээр бийрийг бүжиглүүлж монголчуудын бахархал болсон уран бичлэг амилахыг хараад сэтгэл хөдөлж, нүд баясна. Дэлхийд ганцхан босоо бичгээ урнаар бичиж олон улсын  жуулчдын гайхшралыг төрүүлж буй энэ залууг О.Ням-Очир гэдэг. Тэрбээр 2008  онд Дүрслэх урлагийн уран зургийн ангийг төгсчээ. Сургуулиа төгсөөд Бичиг  соёл боловсролын төвд уран бичлэгийн ангид суралцаж мэргэжил дээшлүүлсэн байна. Есөн жил каллиграфч хийж буй  буй түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Сайхан наадаж байна уу?

-Сайхан наадаж байна. Нар хур нь тэгширсэн энэ сайхан өдрийн мэндийг наадамчин олондоо хүргэе.

-Анзаараад байхад гадны жуулчид таны бүтээлийг их сонирхож байх шиг харагдсан?

-Өнөөдрийн хувьд гадны жуулчид ихээр сонирхож байна. Өчигдрийн хувьд монголчууд их сонирхож байсан шүү.

Үнийн хувьд ямар үнэтэй вэ?

-Наадамчин олондоо энгийн үед бичиж өгдөг үнээсээ илүү хямд үнээр бичиж өгч байгаа. Жирийн үед 15000 төгрөгөөр бичиж өгдөг бол одоо 8000 төгрөгөөр бичиж байна даа.

-Хүмүүс ихэвчлэн ямар утгатай үгс бичүүлдэг вэ?

-Хүмүүсийн бичүүлэхийг хүссэн зүйлсийг нь бичиж өгдөг. Гэхдээ ихэвчлэн гэр бүлээрээ явж байгаа хүмүүс өөрсдийнхөө нэрийг нэг цаасан дээр хамт бичүүлдэг. Одоогоор 4-5 хүн, 3-2 хүний нэрүүдийг нэг цаасанд зохиомжилж хийж байна. Цаасны төв хэсэгт дан өөрийнхөө нэрийг бичүүлэх хүмүүс ч байдаг. Мөн алганы хээтэй хосолсон зохиомж бас хийж байгаа. Каллиграф бол цэвэр  зохиомж. Ерөнхийдөө  эдгээр нь энгийн харьцангуй хялбар зохиомжууд гэж хэлж болно.

-Та түрүүн 2009 оноос эхэлж  уран бичлэгээр хичээллэж эхэлсэн гэж байсан. Тухайн үед уран бичлэг сонирхдог  залуус ховор байсан биз?

-Тухайн үед ер нь цөөхөн байсан. Уран бичлэг сонирхох залуус жил ирэх тусам нэмэгдэж байгаад баярладаг.

Уран бичлэгийн төрлөөр ихэвчлэн зураач хүмүүс ажиллаад байх шиг. Энэ мэргэжил нь тэдэнд давуу тал болдог юм болов уу?

-Уран бичлэг бол нэг талаас бичиг, нөгөө талаас дүрслэх урлагийн нэгэн төрөл. Тиймээс судлаачид ч, зураачид ч уран бичлэгийг хийж байна. Мэдээж, хүн бүрийн арга барил өөр. Миний арга барил ч гэсэн тогтсон өнгө аяс, хэллэгтэй. Уран бүтээлч хүн заавал нэг талыг барилгүйгээр, уламжлалаа сайн судлаад, орчин үетэйгээ хослуулж, өөрт төрсөн мэдрэмжийг буулгах хэрэгтэй. 

-Каллиграфч хүн ямар байх ёстой вэ?
-Манай дүрслэх урлагийнхан каллиграфыг зохиомж, зураас талаас нь хардаг, хэл бичгийн эрдэмтэд бичгийн үүднээс нь авч үздэг. Каллиграф нь хэл бичиг, дүрслэх урлаг дээр яруу найраг, үгийн мэдрэмж, үгийн сонголтыг нийлүүлээд цогц урлаг болдог. Каллиграфч хүн энэ бүгдийг харуулахын тулд эрэл хайгуул хийж, түүх шастир, монгол бичиг, дүрслэх урлагаа судалж суралцдаг байх ёстой. Манай залуу уран бүтээлчид монгол бичгээ яг нарийн сайн мэдэхгүй л байх шиг. Ер нь монгол бичгийн түүхийг сөхөөд үзвэл судлах зүйл их бий

-Каллиграфч хүний гол хэрэглэгдэхүүн нь муутуу цаас, бийр  үү?
– Муутуу цаас бол каллиграфын үндсэн хэрэглэгдэхүүн.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж