Өдөржин хүйтэн салхитай, бүрхэг байсан ч наадамчин олон Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмаа тэмдэглэж өнгөрүүлэв. Баяр наадмын нээлт дуусч, бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхэд наадамчид Цэнгэлдэх хүрээлэнг орхиж, хуушуур амтлахаар дугаарлав.
Уг нь шаргалтан харагдах хуушуур жирийн л нэг хоол. Харин наадмын үеэр бол жинхэнэ “моодны” хоол болдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 380 цэг ажиллаж байсан ч хуушуурын цэгүүдэд 1-2 цаг хүлээхээр уртаас урт дараалал үүсч зарим наадамчдыг бухимдуулж орхих нь тэр. Наадмын хуушуур амтлахгүйгээр наадамлана гэж юу байх вэ, Монголчууд улсын баяр наадмаар заавал хуушуур идэж, соёолонгийн тоосонд дарагдаж байж сайхан наадамладаг бичигдээгүй хуультай.
Хуушуурны үнийн хувьд 1000 төгрөг, харин хорхог 7000-8000 төгрөгөөр зарагдаж байна. Архангай, Булганы зарим сумдад шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон учраас айрагны олдоц муу байгааг иргэд хэлж байлаа. Өвөрхангайн айраг нэг литр нь 5000-7000 төгрөгийн хооронд байгаа бол нэг аяга айраг 3500-4500 төгрөгийн үнэтэй байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг “Төв цэнгэлдэх орчмоор хуушуурны олдоц муу байсан ч хоолны чанарын тухайд асуудал гараагүй. Баяр наадмаар үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүд төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон төвхнөсөн. Шалгалтын явцад хуушуурын махыг удаан хугацаагаар хадгалсан зөрчил илэрснийг хураан, устгалд оруулсан. Мөн айргийг зориулалтын бус химийн бодис хадгалдаг цэнхэр, шар хуванцар саванд хадгалан худалдаалж байсан иргэдэд арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангуулсан”гэж байв.
Э.Бурам