Монгол улсад ирдэг жуулчдын ихэнх нь Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ирдэг. Тэд Монгол наадмыг үзэхийг хүсдэг. Жил бүр төв цэнгэлдэхээс гадаад жуулчдад зориулан 2500 суудал гаргаж өгдөг. Энэ жилийн наадмын нээлт үзсэн жуулчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа. Монголын өвөрмөц соёл, зан заншлыг харуулсан сонирхолтой, үзүүштэй нээлт байлаа гэж магтаж байсан юм. Цаг агаар сэрүүн, бороотой байсан нь жуулчдад хэцүү санагдсан гэжээ.
Оросоос ирсэн жуулчин Оля:
-Монгол улс үргэлж л миний сонирхлыг татсаар ирсэн. Анх удаа Монголд ирж үзэж байна. Наадмын нээлтийг ч бас анх удаа үзэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Нэг хэцүү зүйл нь цаг агаар сэрүүн, бороотой байсан болохоор бага зэрэг даарсан. Мөн наадмын нээлт үзэхээр Монголчууд цэнгэлдэхдээ цуглардаг юм байна. Хүн ихтэй байна. Гэхдээ уламжлалт баяр наадмын үеэр хаа ч ийм л их хүнтэй байдаг шүү дээ. Түүнээс бүх зүйл нь их сайхан санагдлаа. Саяхан би Хустайн нуруу, Тэрэлж явчхаад ирсэн. Монголын байгаль үзэсгэлэнтэй сайхан санагдсан.
Канад, Англиас ирсэн жуулчид:
Эмэгтэй: Наадмын нээлт үзсэн их сайхан санагдсан.
Эрэгтэй: Наадмын нээлт их сонирхолтой, үзүүштэй санагдлаа. Хоёр жилийн өмнө ирэхдээ хөдөөгүүр аялсан. Харин энэ жил зорин байж наадмын нээлт үзэхээр ирсэн юм. Олимп эсвэл томоохон хэмжээний наадмын нээлтийн үйл ажиллагаа шиг өргөн цар хүрээтэй болдог юм байна. Нээлтийг ойроос үзсэндээ их баяртай байна. Одоо бид хоёр говиор аялах төлөвлөгөөтэй байна. Хэцүү хүндрэлтэй зүйлүүд огтхон ч алга. Бороо орсон ч зузаан хувцаслаад шүхэртэй байхад алзахгүй шүү дээ. Миний анзаарснаар Монголчууд их нөхөрсөг, тайван хүмүүс шиг санагдсан.
Филиппинээс ирсэн жуулчин Mae:
-Наадмын нээлтийг гэрийнхэнтэйгээ үзлээ. Хүн маш их хүн цугларсан байна. Зарим үед хүмүүстэй зөрөхөд ч хэцүү санагдсан шүү. Монголын соёл, зан заншил үнэхээр сонирхолтой, гайхмаар байлаа. Хүмүүс нь маш тод тод өнгийн дээл хувцсаар гангарсан байна. Үнэхээр өнгөлөг харагдаж байна. Монголчууд наадмаар хуушуур идэх дуртай гэсэн. Энэ хавиар хуушуур олж иддэг юм уу гээд гэр бүлийнхэнтэйгээ явж байна даа.
-Би Монголд долдугаар сарын 9-нд нөхрийнхөө хамт Наадмын нээлт үзэхээр ирсэн. Наадмын нээлт гайхамшигтай санагдсан. Монголд ирэнгүүтээ хотоос гарсан. Тэгээд өчигдөр шөнө ирсэн. Төв цэнгэлдэхээр явж үзчихээд бид дахиад хөдөө явах төлөвлөгөөтэй байна. Цаг агаар тааруу бороотой байгаа нь жаахан тиймэрхүү байна.
–Би Швейцараас ирсэн. Хоёр долоо хоногийн өмнө Монголд ирээд Монгол наадам үзэхээр ирсэн. Сэтгэгдэл маш өндөр байна. Бороо ороод жаахан зутарлаа. Тэрнээс өөр хэцүү зүйл тулгараагүй ерөнхийдөө дажгүй гэж хэлж болно. Саяхан Тэрэлж явсан. Үнэхээр сайхан байгальтай. Швейцартай төстэй цаг ууртай санагдсан. Цаашид Монголын сайхан сайхан газруудаар үргэлжлүүлэн аялах бодолтой байна.