Үндэсний их баяр наадмаар мэргэжлийн хяналтынхан хэрхэн ажиллаж байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэгээс тодрууллаа.
-Баярын өдөр та бүхэн хэдүүлээ хяналт тавин ажиллаж байна вэ?
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 350 улсын байцаагч ажиллаж байна. Худалдаа, нийтийн хоол, эрүүл ахуй, халдвар хамгаалал, эрчим хүч, хийн түлш, хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлд хяналт тавьж байна. Түүнчлэн Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хурээлэн дээр явуулын хоёр лаборатори ажиллаж, газар дээр нь шинжилгээ хийж байна.
-Шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илэрсэн үү?
-Бидний өнөөдөр 16.00 цаг хүртэлх шалгалтаар 721 аж ахуйн нэгжийг хамрууллаа. Шалгалтын явцад айргийг зориулалтын бус саванд худалдаалсан, зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс худалдаа эрхэлсэн, өгөгдсөн зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ эрхэлсэн, эрүүл мэндийн дэвтэргүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын хувцасгүй зэрэг 67 зөрчил илрүүлснээс 53 зөрчлийг арилгуулаад байна. Түүнчлэн явуулын лабораторид хуушуурын махны найм, айрагны гурван дээж шинжилгээнд хамруулснаас нэг нь шаардлага хангасангүй. Зөвшөөрөлгүй айраг худалдаалж байсан нэг гэрийг буулгасан.
-Айргийг ямар саванд хадгалах ёстой вэ?
-Хуванцар савны доод хэсэгт гурвалжин дотор 1-5 хүртэлх тоо байдаг. Үүнээс нэг болон тав нь хүнсний зориулалттай сав байдаг. Ийм саванд айргийг хадгалах, худалдах ёстой юм. Бусад тэмдэглэгээтэй сав нь хүнсний зориулалттай бус тул эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс иргэдийг зориулалтын саванд байгаа айраг худалдаж авахыг зөвлөж байна.
-Шаардлага хангахгүй байгаа газруудад ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хурааж, улсын ахлах байцаагчийн актаар устгаж байна.
Р.Ренчиндулам