Наадамчдын хөлд дарагдсан цэнгэлдэх хүрээлэн

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Наадамчдын хөлд дарагдсан цэнгэлдэх хүрээлэн

Наадамчдын хөлд дарагдсан цэнгэлдэх хүрээлэн

Нар хур нь тэгширсэн энэ л өдөр дэнж хотойтол наадамлаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрон хуушуурын асрууд, хүйтэн ундаа, амтат мөхөөлдөс, борооны шүхэр, хүүхдийн тоглоом, нарны шил гээд  хүний хэрэгцээт бүх зүйлс байх аж.

Монгол түмний их баяр наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Үндэсний бөх, сурын харваа үзэхээр Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн наадамчид, гадаадын жуулчид, ер нь хүүхэд хөгшид гэлтгүй цөмөөрөө л наадмын хуушуур идэх гэж зорьж ирдэг.

“Сайхан халуун хуушуур байна шүү” хэмээн хоолны газрын ажилчид зөрж өнгөрөх  хүмүүсийг уриалгахан урина. Төв цэнгэлдэхэд үхэр, хонины махаар хийсэн хуушуур, халиартай хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байх аж. Асар майхан зэрэгт хуушуур хайрж байна. Өнгөрсөн жил наадмаар нийтийн хоолны чиглэлээр 500 зөвшөөрөл олгосон бол энэ жил 489  зөвшөөрөл олгожээ. 

Наадамчид “Хүн зөрөх зайгүй, ямар их хүнтэй юм бэ” хэмээн  өөр хоорондоо ярилцана. Зарим талаараа “Нарантуул’ захыг санагдуулам дүр төрх энд өрнөж байна.

Наадамчид баярлах гэж Төв цэнгэлдэхэд очдог болохоос оймс, гутал, жимс авахаар очдоггүй. Хамгийн гол нь наадмын талбай хар зах биш. Гэвч наймаачид Эрээнээс авчирсан элдэв бараагаа худалдаад сууж байна. 

Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнөөдрийн байдлаар 67 зөрчил илрүүлснээс ихэнх нь нийтийн хоол буюу хуушууртай холбоотой зөрчлүүд байна. Тухайлбал, ажилчид нь эрүүл мэндийн дэвтэргүй ажлын хувцасгүй, хуушуур хийх нэрийдлээр зөвшөөрөл аваад өөр үйл ажиллагаа явуулах зэрэг 53 зөрчлийг газар дээр нь шийдвэрлэжээ.

Мөн нийтийн хоолны 32 аж ахуйн нэгж байгууллагын ил гарсан цахилгаан утсыг газарт булуулж , хий газ алдагдаж байсан хоёр газрын төхөөрөмжийг нь  салгаж, зөрчлийг тус тус шийдвэрлэсэн байна.

Цэнгэлдэх рүү дотогш нэвтрэх тасалбаргүй иргэд хуушуур идэж, хөлөө амраахаас өөр газар, талбай  тэдэнд үнэндээ алга. Наадмын уур амьсгалыг мэдрэх гэж цэнгэлдэх тойрч алхсан хүмүүст баярын уур амьсгал дунд амрах сандал байвал сайнсан. Жилд ганц болдог наадмын үйлчилгээндээ анхаарах  цаг хэдийнэ болжээ. Учир нь Төв цэнгэлдэхээс өөр үндэсний их баяр наадмаа нээж, үзүүр, түрүүний бөхөө үзэж, мэргэн харваачдаа тодруулж, наадмаа хаах газар одоохондоо нийслэлд минь алга. Иймээс таллаж дээвэрлэсэн цэнгэлдэхийнхээ суудлыг бүгдийг нь нар, борооны хамгаалалттай болгож, үзэгчдэд ижил тэгш үйлчилдэг болгох цаг хэдийнэ болсон байна. 

Мөн жил бүр наадамчин олонд тулгардаг бэрхшээ бол “морь харах”. Наадам үзэх гэж очсон иргэд хэдхэн тооны 00-д дугаарласаар өдрийг бардаг. Энэ жил ч мөн адил дээрх байдал өөрчлөгдсөнгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн нийт зургаан бие засах газартай. Наадмын үеэр нэмж, зөөврийн 20 гаруй био жорлонг байршуулсан ч уртаас урт дараалал үүссэн харагдана. 

Цаашдаа энэ мэт үйлчилгээндээ анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж, мөн зарим эмх замбараагүй худалдааг цэгцэлчихвэл наадамчдад илүү тухтай л болох гээд байна даа. 

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж