Үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр 11.10 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн наадмаар Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байгаа.
Төв цэнгэлдэх 10.00 цагт үзэгчээр бараг дүүрсэн байлаа. Эндээс харахад жил бүрийн наадмын нээлт болон хаалтын үзүүлбэр жуулчид төдийгүй монгол түмнийг огшоодог, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа ажээ.
Наадмын нээлтийг Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан бөгөөд энэ удаа тусгаар тогтнол, хэл, бичиг, газар шороо, ёс заншил, өв соёл зэрэг үндэсний аж байдал, ахуй амьдралын соёлын онцлогийг чухалчилсан есөн хэсгээс бүрджээ.
Ирэх жилийн нээлтээр бүжиглэхийг хүсч байна
Төв цэнгэлдэхийн урд хэсгийн жижиг зааланд өнгө өнгийн хувцас өмссөн хүүхэд, болон томчууд нээлтийн үзүүлбэрээ бэлдэж байв. Унага, ботго, тугал, ишиг, хурганы хувцас өмссөн хүүхдүүд үзүүлбэрээ хүлээх зуур нэгнийгээ налан суугаад дуу дуулж, хуруудаж тоглоцгоож байгаа нь өхөөрдөм. Тэдний төлөөл П.Ундрамын сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Би нийслэлийн 36 дугаар сургуульд сурдаг. Намар IX ангид орно. Хичээлийн хажуугаар Хүүхдийн ордны бүжгийн ангид суралцдаг. Наадмын нээлтэд гурав дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил шүхэр барьж нээлтэд оролцсон бол энэ жил ботгоны үзүүлбэрт оролцож байгаа. Ирэх жилийн нээлтэд бүжиглэхийг хүсч байна. “Хөдөөгийн залуус” үзүүлбэрийн дараа бидний үзүүлбэр эхэлнэ” гэлээ. Багш нь бололтой нэгэн эмэгтэй “Ботго байраа эзлээрэй” гэх сонсогдов.
Дөрвөн багш 350 хүүхэдтэй ажилласан
Багшаас зарим зүйлийг тодрууллаа. Түүний хоолой сөөсөн байв. Бүжгийн багш, Гавьяат жүжигчин Ч.Долгормаа “Наадмын нээлтийн үзүүлбэрт хүүхдүүдээ бэлтгэж гурав дахь жилдээ ажиллаж байна. Нээлтэд ерөнхий боловсролын сургуулийн 150, цэцэрлэгийн 100 хүүхэд, ‘Хуурнин шуугигч’ гурван настайгаас III ангийн 100 хүүхэд зэрэг нийт 350 хүүхэд, 100 ээж, 100 аавтай гурван бүжиг дээр дөрвөн багш ажиллалаа. Үзүүлбэрийг нэг сар бэлдсэн. Сургуулиудын талбай дээр бэлтгэлээ хийж байгаад долдугаар сарын 2-ноос Төв цэнгэлдэхэд бэлтгэлээ хийж эхэлсэн” гэлээ.
Нээлтийн үзүүлбэр хөхүүртэй айраг бүлэх сүрлэг чимээгээр эхлэв. Төв цэнгэлдэхийн талбайд 20 хөхүүртэй айргийг нэгэн зэрэг бүлж, он цагийн хэлхээс 12 жилийн амьтад талбайг тойрон алхлаа.
Түүний дараа урц, овоохойнуудын гадаа цаа буга давхилдан, бөө удганууд онгодоо дуудан цамнав. Мөн урцад хүүхэд мэндлэх дуун хадав. Үзүүлбэр үзүүлэгчид “Уухай” хэмээн дуугарахад үзэгчид даган уухайлж байлаа. Харин жуулчид босч, үйл явдлын зургийг дарж байв.
Дараа нь нүүдэлчдийн дөрвөн улирлын жаргалтай амьдрал гэрэлтэв. Өвлийн улиралд хос залуус голын хөвөөгөөр холхиж, үхэр тэргэндээ мөс ачиж байв. Дараа нь цөн түрж, голын ус хоржигнох, цэцэг ногоо дэлгэрэх, төлийн дуу цангинаж, усны шувуудын ганганах чимээ сонсогдов. Мөн ноос савж, сур элдэж, эмнэг хангал сургаж байгааг дүрслэв.
Түүнчлэн монгол ардын үлгэрийн баатар Боролдой хүү хүлэг морьтойгоо наадмын талбайд орж ирэв. Мөн зодог, шудагтай хэсэг жаал шилбүүр унан гүйлдэв. Үзүүлбэрийн төгсгөл хэсэгт явсан жаал бүдэрч унасан ч тоосон шинжгүй бусдын араас гүйнэ.
Хүчид бөхийн барилдаанд Үндэсний бөхийн өргөөнөөс тогтмол зохион байгуулдаг “Хуурнин шуугигч” тэмцээний оролцогчид оролцсон нь бөх сонирхогч наадамчин олны сонирхлыг ихээхэн татсан юм. Энэ үеэр үндэсний бөхийн аварга цолтнууд, эрхий мэргэн харваачид, Галшар, Тэсийн гол, Арвагар хээр, Чонон хээр зэрэг бахархалт хурдан удмын хүлгүүд цэнгэлдэхийг тойрон жагслаа.
Мөн Монгол Улсын эрчим хүч, уул уурхай, агаарын болон төмөр зам, автозамын тээвэр, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ололт амжилт, их бүтээн байгуулалтыг дүрслэв.
Дараа нь Төв цэнгэлдэхийн талбайд 700 цэрэг жагсч, их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийн уншиж, Монгол орны үзэсгэлэнт байгаль, арвин их баялгийг магтан дуулна. Мөн талбайд байрлах Шилийн богд ууланд 100 залуу Эрийн хийморийн тангараг өргөлөө. Улмаар 100 эмэгтэй, 100 эрэгтэй болон 100 хүүхэд гэр бүлийн аз жаргал, ариун нандин харилцааг харуулсан үзүүлбэр үзүүлж, жүжигчин Т.Бархүү, дуучин Б.Баярцэцэг Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин хүү Б.Бат-Энэрэл нар “Дэлхий ээж” дууг дууллаа.
Хилийн цэргийн алба хаагчид Монгол Улсын дархан хилээ эргэн, хилийн тэмдгүүдээ шалгаж буйгаар Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтын төгсгөл хэсэг эхэллээ. Хилийн цэргүүд “Монгол Улсын дархан хил амар амгалан байна” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгад раборт өгөв. Мөн монгол гэрийн тооныг дээш өргөн, тоононоос 81 тууз татав. Энэ нь Монгол түмэн нэгэн дээвэр дор, эвтэй найртай аж төрж, хөгжин дэвшихийн бэлгэдэл болжээ. Ийнхүү цэргийн анги, нэгтгэлүүд, олимпийн алдартнууд, бөхчүүд, харваачид, лам нар, загвар өмсөгчид болон Өвөрмонголын үндэстэн ястны парад жагссанаар наадмын нээлт өндөрлөв.
Сонирхуулахад, баяр наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд уран бүтээлчид болон соёл урлагийн байгууллагууд, зэвсэгт хүчин, энхийг сахиулагчид, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ажилтан зэрэг 2000 гаруй хүн оролцжээ.
Р.Ренчиндулам
Гэрэл зургийг э.Энхбат