Өдгөө Монголд зам барилгын үйл ажиллагаа явуулдаг 300-гаад компани байдаг. Гэтэл зөвхөн 30 компанийг сонгон өндөр үнэ бүхий компаниудыг тендерт оролцуулах гэж байгаа нь хуйвалдаан гэж дээрх төрийн бус байгууллага үзэж байгаа юм. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа, үүнийг угтан тендер нэрээр сонгуулийн мөнгөө гаргаж авахаар төрийн албаныхан хуйвалдаан зохион байгуулж байгаа нь энэ гэж тус төрийн бус байгууллагын тэргүүн Т.Батбаатар ярьсан. “Хуйвалдахын эсрэг хамтдаа” уриалгын дор төрөл бүрийн хуйвалдааныг дэлгэх үзэсгэлэнг удахгүй дэлгэх бөгөөд төрийн эрх мэдэлтнүүдийн хуйвалдааныг таслан зогсоох, илрүүлэх урьдчилан сэргийлэх зорилготой “Иргэний хяналтын нэгдсэн сүлжээ” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа гэнэ.
Түүнчлэн энгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд тендертэй холбоотой хуйвалдаанууд нэлээд тохиолддог. Тиймээс энэ тухайгаа тус төрийн бус байгууллагад мэдэгдэж мэдээлэл ирүүлэхийг тэд уриалсан юм. Тун удахгүй “Бодит нийгэм” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, иргэдийн дунд хар, цагаан самбар ажиллуулах гэнэ. Цагаан самбарт иргэдийн амьдралд болж бүтэж буй сайхан зүйлсийн тухай мэдээлэл цуглуулах бол хар самбар нь төрийн албан хаагчдын буруутай шийдвэрийн улмаас хохирсон, хэлмэгдсэн гэж үзэж буй иргэдийн баримтыг дэлгэх самбар байх аж.