Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг нээж Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшингийн хэлсэн үг
Эрхэм олон наадамчид аа,
Хатагтай, ноёд, зочид гийчид ээ,
Энэ дэлхийн өргөн уудам орон зайд тархан суурьшсан монгол угсаатны язгуурын баяр-цэнгэлийн манлай Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж мэндчилж буйг минь хүлээн авна уу!
Монголын үндэсний их баяр наадам бол мянга мянганы түүхтэй монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй төр, түмний их ёслол юм.
Тийм ч учраас сүүлийн жилүүдэд Монголын тулгар төр үүссэн, Их Монгол Улс байгуулагдсан, Ардын хувьсгал ялсан түүхт явдлуудын ойг нэгтгэн үндэсний их баяр наадам болгон ёслол төгөлдөр зохион байгуулдаг болсон.
Монголчууд эв эеийг эрхэмлэн, ёстой, төртэй, хууль цаазтай, захирах, захирагдах зарчимтай, засаглан гүйцэтгэх чанд дэглэмтэй, “Харах нүдээ ирмэс үл хийн, хавтгай чихээ дэрэн дээр үл тавин, магнайн хөлсөө уланд хүртэл чин шударгаар зүтгэдэг, төр засах сүв нь нээгдсэн түшмэдтэй байсан цагтаа хүчирхэгжин мандаж, хагарсан улсаа хамтатган, Их Монгол Улсаа байгуулж, “Улс иргэнээ хөл хөсөр, гар газар тавиулж” байсан гайхамшигт түүхтэй. Бас тийм цагтаа дэлхий нийтийг нэгэн гэр бүл мэт энх түвшин болгох агуу зорилгыг “Мөнх тэнгэрийн зарлигаар” гүйцээж, бөмбөрцгийн доторхи түгжигдмэл, тусгаарлагдмал амьдралын хана хэрмийг нурааж, Ази Европыг холбон дэлхийн түүхэнд ”Монгол хэв ёсны энхийн журам” буюу PAX Mongolica-г тогтоож, улс төр, эдийн засаг, соёлын шинэ харилцааг буй болгон олон соёл уулзан огтлолцох, найрсан зохилдох дэлхийн түүхийн шинэ өрнөлийг эхлүүлсэн билээ.
“Японы нэртэй нэгэн түүхч: Монголчуудын мандан бадралын үед анх “Дэлхий” хэмээх ерөнхий ойлголт бий болсноор дэлхийн түүх үүссэн гэж үздэг” хэмээн Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми 2006 онд монголчуудад ирүүлсэн захидалдаа онцлон тэмдэглэсэн байдаг.
Улаан залаат хөх Монголынхоо босоо заяа, баатарлаг агуу түүхээр бахархах бүрэн эрх Та бидэнд бий.
Бас сайн үйлс бүтээхэд саад тушаа болдог залхуурал, бэлэнчилгээ, туйлшрал, эе эвдэгч хорон явууллага, хов үг, талцал хуваагдлаас ангид байж, “Монгол” хэмээх нэрийг өндрөөс өндөрт өргөн ариунаар сахин мандуулах үүрэгтэй болохоо “харанхуй шөнө зүүдэндээ, гэгээн өдөр цээжиндээ санаж явах” эрхэм үүрэг хариуцлага ч мөн бидэнд бий.
Уртын дуу, хоёрхон чавхдастай атлаа хорвоогийн явдлыг багтаасан хуурынхаа хөг аялгуунд уяран зөөлөрч байдаг бидний монголчууд бие биеэ хайрлаж, эвийн хүчийг зангидан, дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг байж чадвал их жанжин Д.Сүхбаатарын хэлснээр, үл хүрэх газаргүй билээ.
Эрхэм хүндэт наадамчид аа!
Монгол наадмын цадиг шаштир өнө эртнээс улбаатай бөгөөд нүүдэлчин монголчуудын өв соёлыг зуунаас зуунд өртөөлж, ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн гайхамшигт цэнгүүн-дэнж хотойлгосон монгол наадам өнөөдрөөс орон даяар эхэлж байна.
Ард түмний их баяр цэнгэл – эрийн гурван наадмаа төгс төгөлдөр, шударга, будилаан, маргаангүй зохион байгуулах урьдач нөхцөлийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо бүрдүүлсэн гэдгийг энэ хүндтэй тайзнаас сонордуулж байна.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээ 1935 онд туурвисан “Эрүүл явбаас улсын наадмыг үзнэ” шүлэгтээ
Эрх чөлөөгөө олсон ардууд
Эрийн гурван наадмыг үйлдэнэ
Эрүүл энх байвал
Үүнд жил бүр цэнгэлдэнэ хэмээн бичиж байжээ.
Монгол түмний их баяр цэнгэл- үндэсний их баяр наадам жилээс жилд утга төгөлдөр өргөн дэлгэр тэмдэглэгдэн, үндэсний эв нэгдлийн бат гагнаас болох нь дамжиггүй ээ.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг нээснийг мэдэгдье.