Англи, Хорватын тоглолт Москва хотод болно

Хуучирсан мэдээ: 2018.07.11-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Англи, Хорватын тоглолт Москва хотод болно

Англи, Хорватын тоглолт Москва хотод болно

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. 32 багаас шилдэг дөрвөн баг үлдсэн. Өнгөрсөн шөнө Франц, Белгийн шигшээ бгаийн тоглолт болж, францчуудын ялалтаар өндөрлөлөө. Өнөө шөнө Хорват, Английн тоглолт Москва хотод болох гэж байна.


  • ФРАНЦ – БЕЛГИ 1:0
  • ХОРВАТ  -АНГЛИ (Долдугаар сарын 12-ны 02.00 цагаас)

ХОРВАТ

Зохион байгуулагч ОХУ-ын багийг зогсоосон баг бол Хорватын шигшээ баг юм. Сочи хотод долдугаар сарын 7-д болсон ОХУ, Хорватын тоглолт 120 минут үргэлжилж, 2:2-оор тэнцсэн билээ. Тоглолтын үр дүн торгуулийн цохилтоор шийдэгдэхэд хорватчууд илүү азтай байж хагас шигшээд үлдсэн юм.  Уг тоглолтыг Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев нар хүндэтгэлийн суудалд тухлан сууж үзсэн.

ОХУ-ын шигшээ баг шөвгийн 16-д дэлхийн аварга Испанийг хожиж, дэлхийн аваргын оргил амжилтаа үзүүлсэн. Харин сая сая хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө дахин нэг алхам урагшлах боломж байсан ч за дутсан.

Хорватын шигшээ баг 1998 онд Францад болсон дэлхийн аваргад анх оролцохдоо шууд хүрэл медаль хүртэж байжээ. Энэ амжилтаа ахиулах боломж тэдэнд бий.

АНГЛИ

1990 оноос хойш хагас шигшээд шалгарч чадаагүй байсан хар цувралаа Английн шигшээ баг зогсоосон. Самара хотод долдугаар сарын 7-д Шведийг хожин хагас шигшээд үлдсэн англичуудад хошой аварга боломж бий. Өнөө шөнө Хорватыг хожиж чадвал Францтай аваргын төлөө өрсөлдөх юм.

Герман, Аргентин, Португал зэрэг топ багууд эрт тэмцээнийг орхисон нь олон багуудад боломж гарч ирсэн. Энэ боломжийг Франц, Английн шигшээ баг бүрэн ашиглаж чадлаа.

Английн багийн довтлогч, багийн ахлагч Харри Кэйн зургаан гоолтойгоор энэ удаагийн дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Түүнд дэм болох олон тоглогч бий. Тиймээс Английн шигшээ баг “Алтан цом”ын төлөө өрсөлдөх боломжтой багийн нэг юм.

1966 оны дэлхийн аваргыг эх орондоо зохион байгуулахад түрүүлж байсан Английн шигшээ баг гурав дахь удаагаа шөвгийн дөрөвт шалгарч байна. Өмнө нь 1966, 1990 онуудад энэ шатанд хүрсэн юм.

Англи, Хорватын тоглолт долдугаар сарын 12-ны 02.00 цагаас Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж