Өсвөрийн даамчид Монголд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Өсвөрийн даамчид Монголд өрсөлдөнө

Монголын даамын холбооноос өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд ирэх аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 5-нд нийслэл Улаанбаатар хотноо болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ. 100 буудалт даамын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах 24 дэх удаагийн тэмцээнд 16 хүртэлх насны тамирчид оролцох аж. Дэлхийн даамны холбооны албан ёсны хөтөлбөрт орсон жил бүр зохион байгуулагддаг энэ тэмцээн өмнө нь зөвхөн хөвгүүдийн ангиллаар зохион байгуулагдаж байсан бол энэ жилээс охидын ангилал анх удаа орж байгаараа онцлог тэмцээн болох нь ээ. Тус тэмцээнд манай баг тамирчид 1992 оноос анх оролцож эхэлсэн ба өмнө нь 2006 онд өсвөрийн дэлхийн аваргыг нутагтаа амжилттай зохион байгуулж, Дэлхийн даамын холбооноос өндөр үнэлгээ авч байсан Монгол Улс ийнхүү хоёр дахь удаагаа дэлхийн аваргыг нутагтаа хүлээн авах гэж байна. Дэлхийн даамын холбооны дүрмийн дагуу өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах улс, хотыг тэмцээн болохоос нэг жилээс доошгүй хугацааны өмнө Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг. Улмаар өнгөрөгч тавдугаар сард Голландын Амстердам хотноо тавдугаар сард болсон хурлаар өсвөрийн дэлхийн аваргыг зохион байгуулах орныг тодруулсан юм. Энэхүү өрсөлдөөнд Монголоос гадна Бразили, Эстони улсууд өрсөлдсөн бөгөөд 2006 оны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан туршлага болон тив, дэлхийн тавцанд Монголын тамирчдын үзүүлж буй амжилтыг харгалзан үзэж, манай улсад энэ эрхийг олгожээ.

Өсвөрийн дэлхийн аваргад 16 хүртэлх насны тамирчид өрсөлдөх бөгөөд энэ жил анх удаа охидын ангилалд дэлхийн аварга даамчныг тодруулна гэдгээрээ онцлогтой. Тэмцээнд Дэлхийн даамын холбоонд гишүүнчлэлтэй орнуудаас гурав хүртэлх даамчин оролцох бөгөөд Монголын даамчдын хувьд тухайн жилийн өсвөрийн улсын аварга тамирчин шууд эрхээ авах бол бусад тамирчдыг сонгон шалгаруулах юм. Түүнчлэн зохион байгуулагч орон гэдэг утгаараа давуу эрх эдэлж, хоёр тамирчин нэмж оролцуулах, өөрөөр хэлбэл, таван тамирчнаа сойх боломжтой ажээ.

Энэ жил улсын хэмжээнд Хүүхдийн спортын IV их наадам болсон тул өсвөрийн улсын аварга болон их наадмын аварга даамчид дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон. Харин бусад тамирчдыг сонгон шалгаруулах цуврал тэмцээнийг ирэх срад зохион байгуулах гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Монголын даамчид өсвөр үеийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл нийт дөрвөн медаль хүртсэн хүчтэй өрсөлдөгч орны нэг юм. 2007 онд Францын Тулуз хотноо зохиогдсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Г.Гэрэлболд алтан медаль хүртэж, Монгол Улсаас оюуны спортын анхны “дэлхийн аварга” цолыг эх орондоо авчирсан. Мөн 1992 онд Г.Ганжаргал Латвийн Рига хотоос мөнгөн медаль хүртэж байлаа.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж