Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын Халх сурын харваа өнөөдөр эхэллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд сурын талбайд харваа болж байна.
Халх сурын харваанд нийт 580 харваач цэц мэргэнээ сорихоос 240 нь улсын цол зэрэгтэй харваачид байна.
Харваачид нийт 40 сум тавина. Эрэгтэй 75 метр, эмэгтэйчүүд 65 метрээс харвах бөгөөд хана харваанд 20, хасаа харваанд 20 сумыг тавих юм.
Өнөөдөр хана харвааны эхэн өрөг болох бөгөөд маргааш хасаа харвааны эхэн өрөг явагдаж, өндөр оноотой харваачид цааш харвах эрхээ авах юм.
Наадмын сүүлийн өдөр буюу долдугаар сарын 12-ны өдрийн 13.40-14.00 цагийн хооронд үндэсний сурын түрүү тодруулах шилдэг найман харваачийн харваа болно.
Ч.БОЛОР