Тайландын Там-Луанг агуйд гацаад байсан хүүхдүүдээс сүүлд аврагдсан найман хүүхдийн биеийн байдлыг эмч нар хяналтдаа авсан байна. “Эхний дөрвөн хүүхэд хүргэгдэж ирэхэд бид цус, рентген, уушги, зүрх сэтгэц мэдрэлийн бүх шинжилгээг хийсэн” гэж Тайландын эрүүл мэндийн яамыг төлөөлж Доктор Жесада Чокедамронгсук өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Хүүхдүүдэд дусал залгаж, антибиотик тарьсан. Мөн галзуу болон таталтаас сэргийлэхээр вакцинжуулсан байна. Эхний ээлжинд аврагдсан хүүхдүүд эмнэлэгт хүргэгдэн ирэхэд тэдний биеийн температур хүйтэн. Хоёрынхон уушгит хэвийн бус зүйл ажиглагдсан, нэг нь баруун хөлийн шагайндаа шархтай байсан. Одоо тэдний биед ямар ч сөрөг зүйл илрээгүй “сайн” байгаа аж.
Харин өчигдөр шөнө хүргэгдэж ирсэн дөрвөн хүүхдүүдийн биеийн температур мөн адил хүйтэн мөн нэгнийхэн зүрхний хэмнэл алдагдсан байжээ. Эмч нар хүүхдүүдийг хяналтдаа аван эмчилж байгаа аж. Аврагдсан найман хүүхэд бүгдээрээ гэрэл сарниулах тусгай шил зүүж байгаа ажээ. Учир нь агуйд хоёр долоо хоног болсон хүүхдүүдийн нүд харанхуйд хэт дассан гэнэт хурц гэрэл туссанаас болж нүдний болор нь гэмтэж магадгүй хэмээн эмч нар болгоомжилж байна. Эмч нар хүүхдүүдийг удахгүй гэр бүлтэй нь уулзуулахаар төлөвлөж байгаа ажээ. “Бид хүүхдүүдэд эмнэлгийн хоол өнөө өглөө өгсөн. Тэдний бие сайн байгаа” гэж Жесада Чокедамронгсук цугласан сэтгүүлчдэд мэдээлжээ.
Одоогийн байдлаар үлдсэн дөрвөн хүүхэд болон тэдний дасгалжуулагчийг агуйнаас гаргахаар сүүлчийн аврах ажиллагаа явагдаж байна.
Дашрамд дуулгахад, Тесла корпорацийн тэргүүн Элон Маск өөрийн инженерүүдийн хамт зохион бүтээсэн мини-шумбагчийг Там-Луанг агуйд авчирсан боловч аврах ажиллагааг удирдаж байгаа Наронгсак Осатанакорн эелдгээр татгалзсан байна. “Түүний зохион бүтээсэн технологи онцгой боловч энэ аврах ажиллагаанд тохиромжгүй” гэж Наронгсак тэмдэглэжээ.
Г. Батмандах
Эх сурвалж: Ройтерс , Guardian