Дэнж хотойтол сайхан наадаарай

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Дэнж хотойтол сайхан наадаарай

Дэнж хотойтол сайхан наадаарай

Нар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам эхэллээ.

Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унаач хүүхдийн гийнгоо тал нутагт хадаж, эрхий мэргэн харваачид нь нумаа татаж, хүчит бөхчүүд нь уран мэхийг уралдуулан барилдана.

Энэ жилийн наадамд 512 бөх барилдана. Улсын наадмынхаа түрүү болоход хэн хурд хүч, авхаалж самбаатай байж барилдсан нь одтой наадах учиртай.

Өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содндомдорж түрүүлж, улсын арслан цол хүртсэн бол Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэж, гарьд цол авсан.

Хэн хэн нь жил, жилийн наадмын түрүүнд нэр нь яригдаж ирсэн бөхчүүдийн тоонд багтаж ирсэн бөгөөд “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх түрүүлсэн нь нутагтаа арван жилийн дараа түрүүг дахин авчирсан бахдам үйл явдал болсон билээ.

Учир нь Ардын хувьсгалын 87 жилийн ойн үндэсний их баяр наадамд Хөвсгөл нутгийн уугуул, улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлж байсан юм.

Өнгөрсөн жилийн наадмаас улсын начин зургаа, улсын харцага хоёр, улсын заан хоёр, улсын арслан нэг, улсын гарьд цолтон нэг төрсөн. Энэ жил ч мөн олон хүчтэн, шинэ цолтнууд төрсөн сайхан наадам болох нь дамжиггүй. 

Үндэсний их баяр наадам нь монгол түмний ёс заншил, баяр цэнгэл, бүрэн эрхт байдал энэ бүхнийг тунхагласан гүн гүнзгий утга агуулгатай баяр юм.

Бөхчүүд нь хүчтэй, морьд нь хурдтай, харваачид нь мэргэн байг.  Дэнж хотойтол сайхан наадаарай.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж