Наран хөгцтийн шагайн тойромд харваачдын уурхай цуурайтлаа

Хуучирсан мэдээ: 2011.08.26-нд нийтлэгдсэн

Наран хөгцтийн шагайн тойромд харваачдын уурхай цуурайтлаа

Дундговь аймагт  жар, далаад онд нэгэн сайхан гэр бүлийнхэн эрдэм боловсрол, аж төрөх соёл, үр хүүхдийнхээ хүмүүжлээр үлгэр дууриал болж байсан нь олны өгсөн нэрээр “Хоёр Бямбаагийнх” билээ. Энэ өрхийн тэргүүн Түмбэнгийн Бямбаа Дундговь аймгийн  хууль, нам, төрийн байгууллагад удирдах ажил олон жил хийсэн нэртэй хуульч, өмгөөлөгч, нийгмийн зүтгэлтэн байв.  Бас социализмийн үед хааж хорьж байсан шагайн харвааг үндэсний спорт, хаяж орхих аргагүй шилдэг наадгай, хараа цэц, уухайн цээл, хатуужил тэвчээр, ахас ихсээ дээдэлсэн ёс заншил, өв тэгш хүмүүжил, ёс жудгийн их сургууль гэж үздэг сайн харваач байсан юм. Гэрийн эзэгтэй Цэвэгийн Бямбаа мянгаар тоологдох шавьтай нэрт сурган хүмүүжүүлэгч, Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан багш байлаа.  Гаригийн ижил нэртэй Хоёр Бямбаа арван хүүхэд төрүүлж өсгөснөө Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гэхчилэн өөрсөдтэйгөө долоон гаригаар нэрлэсэн билээ. Харин бага дөрвөө Отгонцэцэг, Отгонтөгс, Отгонжаргал, Отгонбаяр гэж нэрлэсэн ажээ. Эдний арван хүүхэд нь Тэнгэрлэг ачлалт аав Түмбэнгийн БЯМБАА-гийн нэрэмжит “Наранхөгцтий-2011” шагайн тойром харваа ба Хоёр Бямбаагийнханы ахан дүүсийн уулзалт арга хэмжээ Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дахь Нарангийн гурван овоо гэдэг газар  зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Хоёр Бямбаагийн хүүхдүүд, хүргэн, бэр, ач, зээ, ачинцар, зээнцэр нийлсэн 55 хүн, ах дүүс хамаатан садан найз нөхөд 14 хүн, харваач болон наадамчид гээд 200 гаруй хүн оролцов.

“Наранхөгцтий-2011” шагайн тойромд улсын үлэмж дархан мэргэн тав, Дархан мэргэн хоёр, Гарамгай мэргэн дөрөв, Мэргэн 11, Дэд мэргэн 10, Харьшгүй мэргэн дөрөв, аймгийн гоц мэргэн 25 иржээ. Тойром харваанд хамгийн ахмад харваач  нь Улсын мэргэн, Харьшгүй мэргэн 83 настай Бавуудоржийн Ёндон, хамгийн залуу харваач нь долоон настай Батсайханы Бат-Эрдэнэ байв.

Шагайн энэ тойромд дөрвөн аймаг хотын зургаан сумын төлөөлөл бүхий  15 багийн 120 гаруй харваач  оролцож цэц мэргэнээ сорилоо. Тойром харвааны тоглолтын шагайн тойром харвааг уламжлалт харвааны дэг журамд ойртуулан зохион байгуулахыг чармайж багуудын тоглолтын чансаанд оноо өгч хамгийн өндөр оноотой 5 багийг 100000-500000 төгрөгөөр урамшууллаа. Харин багуудаас Дундговь аймгийн Сайнцагаан сумын Батсайхан ахлагчтай баг 28 оноогоор нэгдүгээр байр, Өмнөговь аймгийн Ажнай клубын Идэрзориг ахлагчтай баг 26,5 оноогоор хоёрдугаар байр, Төв аймгийн Ц.Энхбат ахлагчтай баг 25,5 оноогоор гуравдугаар байр, Өмнөговь аймгийн Ш.Батсүх ахлагчтай баг 25,0 оноогоор дөрөвдүгээр байр, Дундговь аймгийн Дэрэн сумын Довууч ахлагчтай баг 24,5 оноогоор тавдугаар байранд шалгарч алт мөнгө хүрэл медалийн эзэд болж мөнгөн шагналаар урамшуулав.

Хувийн цуваа харваанд 78 харваач оролцож Дундговь аймгийн Адаацаг сумын харваач Батсүх нэгдүгээр байр, Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат Г.Намжилцэрэн хоёрдугаар байр, Өмнөговь аймгийн харьяат Улсын үлэмж дархан мэргэн Золбоо гуравдугаар байранд шалгарч алт мөнгө хүрэл медалийн эзэд болов..

Бууны цуваа харваанд 18 харваач оролцож Дундговь аймгийн Сайнцагаан сумын харваач Рагчаасүрэн нэгдүгээр байр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харваач Ёндонжамц хоёрдугаар байр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын харваач Давдай гуравдугаар байранд  алт мөнгө хүрэл медалийн эзэд  боллоо.

Хүүхдийн цуваа харваанд 16 харваач оролцож Дундговь аймгийн Дэрэн сумын харваач Балжинсүрэн нэгдүгээр байр, Дундговь аймгийн Дэрэн сумын харваач Ууганбаяр хоёрдугаар байр, Дундговь аймгийн Адаацаг сумын харваач Тулга  гуравдугаар байранд  алт мөнгө хүрэл медалийн эзэд болж мөнгөн шагналаар урамшуулав.

Тойром харваанд эхний байруудад орсон Батсайхан, Идэрзориг нарын багтай эрэгтэй эмэгтэйчүүдийн зургаан буун багууд бооцоот үзүүлэх тоглолт хийж бууны хоёр баг бүгд хогжил авлаа.

Нарангийн гурван овоо хавиар нутаглаж байгаа малчид уяачид соёолон насны 13 ажнай хүлгээ уралдуулснаас Галбаатарын хонгор, Чулуунбаатарын хар, Доржсүрэнхорын хонгор халзан, дорждэрэмийн буурал, Нямдоржийн цагаан айргийн тавд хурдалж уясан эзнээ баярлуулан хурсан олноо цэнгүүлэн тоосоо өргөлөө.

Тэнгэрлэг ачлалт аав Түмбэнгийн Бямбаагийн нэрэмжит Наранхөгцтий энэ оны шагайн тойром харваа ба Хоёр Бямбаагийнханы ахан дүүсийн уулзалт арга хэмжээ долоон сая гаруй төгрөгний төсөвт  өртөгтэйгээр зохион байгуулагдлаа.

Багийн харваа нь гурван өргөөр оноо тооцсон нь багууд онооны хойноос хөөцөлдөж хүндрэл учруулсан. Иймээс хойшид өрж ба тулгаж тоглосон ч зөвхөн  хоёр өргийн илүүцээр харвуулах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Харин тойромд ирсэн багийг аль болох бүгдийг тойруулан тоглуулах нь харваачдын сэтгэлд нийцэж байсан.

Хэрэв хоёр өргийн илүүцээр гэж тооцон үзвэл энэ удаагийн тойром харваанд  Идэрзоригийн баг нэг ч хожигдолгүй, Энхбатын баг нэг хожигдол нэг тэнцээтэй, Батсүхийн баг хоёр хожигдол хоёр тэнцээтэй, Батсайханы баг гурван хожигдолтой, Довуучийн баг гурван хожигдол нэг тэнцээтэй байхаар байсан байна.

Мөн урлаг уран сайхны арга хэмжээг тойромд зохион байгуулах нь хүмүүсийг хөгжөөсөн сэтгэлд хүрсэн сайн арга хэмжээ байсан.
Тойромд холоос ирсэн баг, хамгийн ахмад, хамгийн залуу харваачдад хүндэтгэл үзүүлсэн нь нэгэн шинэлэг зүйл байлаа.

Аливаа үйл ажиллагаа уралдаан тэмцээний шинж чанартай болохоороо л арга заль, зохион байгуулалтын сайн муу тал дээр тоглолт хийх явдал гардаг нь түгээмэл зүйл бөгөөд дүрэм журам төгс төгөлдөр болно гэж байхгүй учир дараа дараагийн үйл ажиллагаанд сургамж болдогоороо сайн талтай.

“Хоёр Бямбаагийн үр хүүхэд төрөл төрөгсөд тавьсан зорилгоо биелүүлэн аавыгаа мөнхжүүлэх сайн үйлийг бүтээх эхлэлийг тавьж чадсаныг аав минь та бурханы орноосоо харж байгаа гэдэгт итгэлтэй байна” гэж шагайн харваа, ахан дүүсийн уулзалтыг зохион байгуулагчдын нэг Н.Баасанхүү онцлон тэмдэглэв. Ийнхүү эртний түүхтэй Наранхөгцтийн шагайн тойромд цээл сайхан уухайн дуу гурван өдөр цуурайтаж  шагайчид цэц мэргэнээ сорилоо.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж