Тоглолтын өмнө: ФРАНЦ – БЕЛЬГИ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ФРАНЦ – БЕЛЬГИ

Тоглолтын өмнө: ФРАНЦ – БЕЛЬГИ

Хөлбөмбөгийн XXI дэх удаагийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолт өнөө шөнө 02.00 цагт Францын эсрэг Бельгийн шигшээ багийн тоглолтоор эхлэж байна. Хоёр багийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болно. Европын хоёр баг өмнө нь 73 удаа таарч тоглоход Францын шигшээ баг 24 удаа хожсон бол Бельгийн шигшээ баг 30 хожиж 19 удаа тэнцэж байжээ. Эдгээр тоглолтуудаас 2 удаа дэлхийн аваргад таарсан байдаг бөгөөд 1938 онд Францын хожлоор өндөрлөсөн бол 1986 онд хүрэл медалийн төлөө тоглоход мөн Францын хожлоор өндөрлөж байжээ. Ийнхүү хоёр баг 74 дэх удаагаа, дэлхийн аваргын дэвжээнд 3 дахь удаагаа таарч байна. Францын шигшээ баг тэмцээний C хэсгийг 2 хожил, 1 тэнцээтэй тэргүүлж хасагдах шатны шөвгийн 16-д Аргентиныг 4-3, дунд шөвөгт Уругвайн шигшээ багийг 2-0 харьцаатай хожоод байна. Францын шигшээ баг байрлал бүртээ жигдхэн залуу бүрэлдэхүүнтэй сайн тоглож 2 дахь алтан цомынхоо төлөө урагшилж байна. Харин тэдний өрсөлдөгч Бельгийн шигшээ баг түүхэндээ 2 дахь удаагаа дэлхийн аваргын хагас шигшээд шалгараад байна. Испани мэргэжилтэн Р.Мартинезээр удирдуулсан Бельгийн шигшээ баг G хэсгийг 3 хожилтой тэргүүлсэн бөгөөд шөвгийн 16-д Японыг 3-2 харьцаатай хожсон бол дунд шөвөгт Бразилыг 2-1 харьцаатай буулгаж авснаар хагас шигшээд шалгарсан.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

Франц: У.Льорис, Л.Эрнандес, С.Умтити, Р.Варане, Б.Павар, Н.Кантэ, П.Погба, Б.Матюиди, А.Гризманн, К.Мбаппе, О.Жиру

Бельги: Т.Куртуо, Я.Вертонген, В.Компани, Т.Вермайлен, Т.Алдервейрелд, Я.Карраско, А.Вицел, де Бройне, Н.Чадли, Э.Азар, Р.Лукаку

Энэ тоглолтын өмнө Францын шигшээ багийн ахлагч У.Льорис “бид бүхэн Бельгийн эсрэг юу хийхээ мэдэж байгаа” хэмээн яриад эсрэг багаа магтаад амжсан. Тэгвэл Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч де Бройне багийн залуустайгаа 7-8 жил хамтдаа тоглож байгаа, энэ удаа Р.Мартинезийн удирдлага дор дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ. Францын шигшээ багт Б.Матюиди өнөө шөнийн тоглолтонд оролцоход бэлэн болсон байна. Бельгийн шигшээ баг Францын эсрэг 4 хамгаалагчтай хувилбарыг сонгох магадлал өндөр байгаа бөгөөд Р.Меньегийн оронд Т.Вермайлен арын дөрвөн хамгаалалтанд гарч магадгүй байна. Ер нь Бельгийн шигшээ баг 3 хамгаалагчтай хувилбараас илүүтэй 4 хамгаалагчтай хувилбараар тоглолт нь амжилттай болж байсан. Иймд шийдвэрлэх чухал тоглолтын өмнө дөрвөн хамгаалагчтай хувилбарыг сонгож байна.

 

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж