Япончуудад тусалъя, монголчууд аа…

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Япончуудад тусалъя, монголчууд аа…

Япончуудад тусалъя, монголчууд аа…

“Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад нь тэвнээр тусал” гэсэн монголчуудын эртний сайхан үг бий. Өнөөдөр энэ үгний утга учрыг гаргах цаг иржээ.

Учир нь монголчуудыг хүнд бэрх цагийг туулж явахад хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж, хандив босгох ажлыг санаачлан, Монгол Улсыг олон улсын санхүүгийн байгууллага болон бүс нутгийн байгууллагад элсэхэд нь дэмжлэг үзүүлсэн улс бол Япон. Энэ тусын хүчинд Монгол Улс 1990-ээд оны шилжилтийн хүнд үеийг туулж, сонгосон шинэ зам дээрээ баттай зогсож чадсан юм. Тусыг мартах учиргүй, монголчууд аа.

Япон улсад одоо байгалийн гамшиг нүүрлээд байна. Хүчтэй аадар бороо, хөрсний гулгалтын улмаас Японы баруун хэсэгт амиа алдсан хүний тоо 100 давсан бол сураггүй болсон иргэд 80 гаруй аж. Хүүхдээ, эхнэрээ хайсан эр, ээжийгээ, аавыгаа хайсан хүүхдүүд өдөр ирэх тусам олон болж байна.

Орон гэргүй болсон иргэдийн тоо хэдэн мянгаар яригдаж буй бөгөөд Курашики хотын дарга Каори Ито Асахи “Хэнд ч өмсөх хувцас алга. Бидэнд цамц, өмд, оймс, гутал бүгд хэрэгтэй байна” гэснийг “Шинбүн” сонинд мэдээлжээ.

Ердөө сарын өмнө тус улсад галт уулын дэлбэрэлтийн улмаас олон мянган иргэн орох оронгүй болж, хэдэн зуун мянган иргэн тог цахилгаангүй хүнд нөхцөлд амьдрах шаардлагатай болсон юм. Тэднийг хараахан төвхнүүлж амжаагүй байтал дахин гамшиг нүүрлэсэн нь энэ.

Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ аврагчид цагтай уралдан ажиллаж байгаа талаар мэдээлжээ.  Аврах ажиллагаанд цэрэг, цагдаа, сайн дурынхан нийлээд 54000 гаруй хүн ажиллан, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.  Гэвч эцгийгээ, ээжийгээ олсон хүүхдүүд цөөн.

Байгалийн гамшгийн өмнө ямар ч хүчирхэг эдийн засагтай улс байсан хүчин мөхөстдөг. Энэхүү гамшигт өрсөн иргэдэд туслах хүсэл эрмэлзэл монголчуудад дүүрэн байгаа гэдэгт итгэж байна.

Одоогоос долоон жилийн өмнө Японд газар хөдөлж, гамшиг нүүрлэхэд Монгол Улсын Засгийн газар болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүд туслах аян өрнүүлж байсан. Өнөөдөр ийм аяныг дахин өрнүүлэхэд болохгүй гэх газаргүй.

Үнэндээ бол 1990-ээд оноос Япон улсаас Монголд үзүүлж эхэлсэн буцалтгүй тусламж өнөөдөр ч үргэлжилж байгаа.  Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбар гээд хүрээгүй газар үгүй.

Хүүхдүүдийн маань сурч байгаа сургуулиуд Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд боссон бол зуданд нэрвэгдсэн малчдыг малжуулах төсөлд ч япончуудын дэмжлэг шингэсэн.

Сумын эмнэлгүүдийг өргөтгөх, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, гал унтраах машин, хогны машин, хотын иргэдэд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг байгуулахад дэмжлэг болжээ. 

Статистик мэдээ сонирхуулбал, Япон улсын Засгийн газраас 1991-2013 оны хооронд манай улсад 102.3 тэрбум иений буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иений хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иений техник хамтын ажиллагааны тусламж үзүүлсэн нь ойролцоогоор 2.1 их наяд төгрөг буюу 850 сая.ам доллартай тэнцэхүйц хөрөнгө оруулалт болжээ.  Энэ бол их хөрөнгө.

Дээр нь Монголд хамгийн их хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлээр оюутнуудыг сургахаас эхлүүлээд дадлагажигч бэлтгэх зэрэг хөтөлбөрийг ч хэрэгжүүлэхэд тусалж байна.

‘Өгье гэвэл ганцаасаа’ гэж ч үг бий шүү, монголчууд аа… 

Япон улсаас Монгол Улсад үзүүлсэн тусламж 2018.03.01-ний байдлаар 

Г.ХОРОЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж