Өнгөрсөн Баасан гариг буюу долдугаар сарын 6-нд Японы ‘Аум Шинрикё’ бүлгэмийн удирдагч Шоко Асахараг 22 жил хорьсоны эцэст хуулийн дагуу цаазалсан. Шоко Асахара нэрээр “Аум Шинрикё” бүлгэмийн удирдагч байсан Чизуо Матцумото нь 1995 онд болсон сарин хийн халдлага, мөн нийгэмд хор хөнөөлтэй өөр халдлагуудыг бүлгэмийн гишүүдийн хамтаар үйлдэж байсныхаа төлөө цаазар авах ялаар шийтшүүлсэн юм. Түүнийг цогцсыг өчигдөр буюу долдугаар сарын 9-ны өглөө чандарласан байна.
Токио хотын саатуулагдах байранд дүүжлэгдэн хороогдохоосоо өмнө өөрийн чандраа дөрөв дэх охиндоо өвлүүлж үлдээхийг хүссэн боловч охин нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Харин түүний бэлэвсэн эхнэр Ням гаригт Японы хууль сахиулах яаманд өргөдөл гаргажээ. Тус өргөдөлд “Түүний сэтгэцийн байдал тогтворгүй, доройтсон. Ямарваа нэгэн хүнийг нэрлэх боломжгүй байсан. Тиймээс түүний чандрыг надад өгнө үү” хэмээн хүсчээ. Хууль сахиулах яам энэ хүсэлтийг хэлэлцэж байна. Чизуо Матцумотогийн чандар түүнийг одоо болтол дагадаг бүлгэмийн “ариун шүтээн” болох вий гэсэн болгоомжлол тэдэнд байгаа аж.
Чизуо Матцумотогийн дөрөв дэх охин өмгөөлөгч Таро Такимотогоор дамжуулж мэдэгдэл хийсэн бөгөөд “аавынхаа чандрыг хүлээж авахад одоогоор бэлэн биш” гэжээ. Цаазын ялыг гүйцэтгэхийн өмнө гэмт хэрэгтнүүдийн сүүлчийн хүсэлтийг сонсдог бөгөөд энэхүү хүсэлтийг гүйцэлдүүлэхийг зорьдог байна. Гэмт хэрэгтнүүд цаазлагдахаасаа өмнө чандрыг нь авах хүний нэрийг хэлдэг. Хэрэв чандрыг нь авах хүний нэрийг нэрлээгүй тохиолдолд гэр бүлийн гишүүдэд нь хүлээлгэн өгдөг ажээ.
Г. Батмандах
Эх сурвалж: Asahi