Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Вьетнамын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг энэ оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр Монгол, Вьетнамын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг нар тус тус төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр тал Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцаж ГХЯ хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын давтамжийг хадгалах, олон улс, бүс нутгийн болон НҮБ, олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тус тус санал солилцов.

Хоёр тал Монгол, Вьетнамын улс төрийн яриа хэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг 2019 онд хоёр талдаа ёслол төгөлдөр тэмдэглэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Парламент болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, хууль сахиулах болон БХЯ-дын хамтын ажиллагааг дэмжиж ажиллах, Гадаад харилцааны яам, БНСВУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг ойрын үед байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Вьетнам Улсын туршлагаас судлах монголын ажлын хэсгийг халуун дотно угтан авч ололт амжилтаасаа харамгүй хуваалцсанд вьетнамын талд талархал илэрхийлээд туршлага судлах сургалтыг Монголын холбогдох яам, байгууллагуудын мэргэжилтнүүдийн дунд үргэлжлүүлэн зохион байгуулах санал тавив.

Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортлох нөхцлийг бүрдүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын эрсдлийн үнэлгээний ажлын хэсгийг ирэх 8, 9 дүгээр сард солилцох, Төв банк, Гаалийн байгууллагуудын хэлхээ холбоог урагшлуулах , Газрын тосны салбарт дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулах нь зүйтэй гэж үзэв.

Хоёр тал боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аялал жуулчлал, олон нийтийн байгууллага болон аймаг, хот хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Вьетнам Улс Монгол Улсыг олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд болон Ази, номхон далайн интеграцид нэгдэхэд дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэж дэд сайд Ле Хоай Чунг илэрхийлэв.

Айлчлалын үеэр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Ле Хоай Чунг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт бараалхаж, Хо Чи Миний нэрэмжит Нийслэлийн 14-р дунд сургуульд зочилж, Хо Чи Минийн хөшөөнд цэцэг өргөв.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж