Тайландын Там-Луанг агуйд гацсан 12 хүүхдүүдээс найман хүүхдийг амжилттай аварч чадсан байна. “Бид дахин дөрвөн хүүхэд аварч чадсандаа баяртай байна. Ням гаригт аврагдсан хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Бид өнөөдөр үлдсэн тавийг аварч чадах эсэхээ хэлж мэдэхгүй байна. Шумбагчдын тооцоолсноор дөрвийг аврах бололцоотой. Бид дараагийн аврах ажиллагааг 20 цагийн дараа эхлүүлнэ. Мөн өнөөдрийн ажиллагаанд 100 гаруй аврагчид гар бие оролцсон” гэж аврах ажиллагааг удирдаж байгаа Наронгсак Осатанакорн сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Ням гаригт аварсан дөрвөн хүүхэд 24 цаг Чианг Рай хотын эмнэлэгт эмч нарын хяналт дор байсан бөгөөд гэр бүлтэйгээ уулзаж чадахаар болжээ. Өчигдөр аврагдсан дөрвөн хүүхэд мөн адил 24 цаг эмч нарын хяналт дор байх юм.
Г. Батмандах
Эх сурвалж : Guardian Live