Баяр наадмын өдрүүдэд жолооч нар замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн баяр наадмаар автомашинтай наадамчдад зориулж хэдэн төрлийн зөвшөөрөл олгож байна вэ?
-Цагдаагийн байгууллага иргэд, наадамчдынхаа аятай тухтай, наадуулахын тулд бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж 100 хувь хүч нэмэгдүүлсэн байдлаар иргэдийнхээ амар амгаланг хангахын төлөө ажиллана. Наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын хэмжээнээс хамааран тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог. Зөвшөөрөл нь баяр наадмын үеэр иргэд, хөдөлгөөнд оролцогчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байхад чиглэгдсэн хөдөлгөөн зохион байгуулалтын нэг хэлбэр юм. Энэ жил А, Ж, DK, Ү, Г, улаан М, Цэнхэр М гэх нийт долоон төрлийн зөвшөөрөл олгож байгаа.
-Урьд өмнөх жилүүдэд зөвхөн зөвшөөрөлтэй машин оруулна, оруулахгүй гэх мэтээр иргэдийн дунд маргаан гардаг байсан? Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Замын мэдээлэгдсэн байдлыг сайжруулах, жолоочид мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор тэмдэг, тэмдэглэл, “Чиг заасан мэдээлэх самбар”-ыг шаардлагатай газруудад байрлуулсан байгаа. Тавигдсан тэмдэг, авсан зөвшөөрлийнхөө зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг сануулахыг хүсч байна. Мөн зарим тээврийн хэрэгслийн зөвшөөрлийн талбайг ойролцоо дүүргээр нь ангилж өгсөн. Тухайлбал, Г төрлийн зөвшөөрлийг хоёр байршилд байгуулсан. Нэг дэх байршил нь Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулж Энхтайваны гүүрний зүүн дор байрлах “Усан парк”-ын зогсоол байх юм. Хоёр дахь нь Хан-Уул, Баянзүрх дүүргийн чиглэлээс ирж буй иргэдэд зориулан “Хурд” хорооллын зүүн талд байрлах “Суруга Монгол” ХХК-ийн зогсоолд байрлуулахаар зохион байгуулсан.
-Гарц хаах, чиглэл өөрчлөх зэрэг мэдээлэл өгөөгүйгээс жолооч нар хаасан зам руу орж ачаалал үүсгэдэг асуудал их гардаг. Зам хаах чиглэл тодорхой болсон уу?
-“Дүнжингарав”, “Мишээл экспо” төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулж, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 3-5 минут тутамд үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой гэдгийг энэ дашрамд хэлэхийг хүсч байна. Мэдээж чиглэл өөрчлөх, хаах зэрэг зохицуулалт гарч таарна. Баяр наадмын нээлт, хаалт болон Есөн хөлт цагаан туг залах, соёолон насны морины уралдаан шоу тоглолт гэх мэт арга хэмжээнүүдийн үед хөдөлгөөний чиглэл өөрчлөх, нэг чигийн хөдөлгөөнд оруулах, зарим уулзвар, гарцыг хаах зэрэг зохицуулалт хийгдэнэ. Баярын өдрүүдэд ФМ 100.1, 100.5, 88.8, 96.3-аар дамжуулан нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран жолооч зорчигчдод замын ачаалал, нягтрал, сонгож явах боломж бүхий сийрэг замын мэдээллийг давтамжтайгаар наадамчин олонд хүргэнэ.
-Зөвшөөрөл авсан машинуудыг хаана байршуулах талаар мэдээлэл өгөхгүй юу? Энэ жил баяр наадмаар ямар замууд хаагдах вэ?
Замын ачааллаас шалтгаалан долдугаар сарын 12-ны өдөр 07:00-09:00 цагт “Соёолон” насны хурдан морины уралдааны үеэр Архангай руу салдаг уулзвараас Хүй долоо худаг хүртэлх замыг зүүнээс баруун тийш, баруунаас зүүн чиглэлд нэг чигийн урсгалд оруулна. Морь уралдаж дууссаны дараа Улаанбаатар хотоос Архангай руу салдаг уулзвар хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэсэн төлөвлөгөө гаргаад байна. Өнгөрсөн жилийн баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт зам тээврийн ослын 800 орчим дуудлага хүлээн авснаас хоёр хүн амь насаа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэний 18 нь хүүхэд байсан. Хэлбэрээр нь авч үзвэл онхолдох, мөргөлдөх, шалтгаанаар нь авч үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсний улмаас үйлдэгдсэн байгааг анхааруулж байна.
Э.АРИУН