200 гаруй бөх бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

200 гаруй бөх бүртгүүлжээ

200 гаруй бөх бүртгүүлжээ

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчин бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд өчигдөр /2018.07.09/ эхэллээ. Барилдах бөхчүүдийн өөрийн биеэр ирж, зургаа шинээр авахуулж, бүртгэлээ хийх юм. Өчигдрийн байдлаар нийт 200 гаруй бөхчүүд ирж бүртгэлээ хийжээ. Бүртгэл өнөөдөр /2018.07.10/ өндөрлөнө.

Улсын арслан Э.Оюунболд бөхчүүдийг манлайлан, хамгийн эхэнд бүртгүүлжээ. Харин түүний дараагаар улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, улсын заан Б.Батмөнх нарын 200 гаруй бөх бүртгүүлсэн байна.

Бөхийн холбооны маргаан болон допингтой холбоотойгоор бөхчүүдийн дунд маргаан үүссэн хэвээр байгаа. Тэгвэл Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй болохыг Баяр наадмын комиссоос гаргасан.

Боловсрол, шинжлэх ухаан спортын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд бөхчүүдээс тэмцээний үеийн болон гэнэтийн шинжилгээг авч байгаа билээ. Одоогоор 2017 онд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол он гараад мөн хоёр бөх нэмэгдээд байгаа. Эдгээр бөхүүдийн нэрийг олон нийтэд зарласан бөгөөд бөхийн холбооны дүрмийн дагуу улсын их баяр наадамд барилдахгүй юм байна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж