Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам сурын харваа эхэлсэн. Жил бүрийн уламжлалт сурын харваанд Баян-Өлгий аймгийн харваачид сайн харвадаг ч энэ жил бүр онцгой байна.
Баяр наадмын нээлтийн харваа болох урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер Үндэсний сурын гарамгай харваач Төхөөний Очироо 30 сумнаас 27 онож, урианхай сурын улсын мэргэн цолыг хүртээд байсан юм. Тэгвэл ням гаригт болсон буриад сурын харваанд тус аймгийн Алтайн сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Нармандахын Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн буриад сурын улсын мэргэн цолны болзол хангав.
Мөн урианхай болон буриад сурын харвааны шилдэг тавд Баян-Өлгий, Дорнод, Ховд аймгийн харваачид багтжээ. Тэр дундаа Баян-Өлгий аймгийн харваачид онцгой байж, одоогоор хоёр шинэ мэргэн төрөөд байна. Мөн урианхай харваанд гурав, буриад харваанд хоёр харваач эхний байрт ороод байна.
Үндэсний их баяр наадмын сурын харваа өчигдөр хүүхдийн харваагаар үргэлжилсэн бол өнөөдрөөс эхлэн үндсэн харваа эхэлнэ.
Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд байх сурын талбайд Үндэсний сурын хана харваа эхэлж, харваачид эхний 8 сумаа тавина. Үндэсний сурын харваачид шилдэг харваачид нөгөөдөр буюу долдугаар сарын 12-ны өдөр тодорно.
Ч.БОЛОР