Шагчдыг давраасан наадмын тасалбар

Хуучирсан мэдээ: 2018.07.10-нд нийтлэгдсэн

Шагчдыг давраасан наадмын тасалбар

Шагчдыг давраасан наадмын тасалбар

Маргааш /2018.07.11/ үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол болно. Хуучин цагт амьд явбал улсын наадам үзнэ гэж ярьдаг байсан бол орчин үед мөнгөтэй эсвэл танилтай хүн наадам үздэг болжээ. Учир нь, шагчдаас өндөр үнээр тасалбар авсан баячууд л зөвхөн наадмын талбайд цуглана.

Жил жилийн наадмаар хамгийн их хүлээлт үүсгэдэг нь наадмын нээлтийн ажиллагаа. Дэлхийд ганцхан эрийн гурван наадмынхаа нээлтийн арга хэмжээг үзэхийн тулд тасалбар олно гэдэг "өвсөн дундаас зүү олохтой адил" болоод удаж байна. Хуучин ганцхан Соёлын төв өргөөний арын хаалганы ойр орчимд наадмын тасалбарын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй ядарсан ард түмэн нь дугаарладаг байсан бол энэ жил Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр наадмын тасалбарыг борлуулсан ч нөхцөл байдал огт өөрчлөгдсөнгүй. Тус төвүүдээр тасалбар борлуулсан гэх нэрийдлээр шилний цаанаас чихэр долоолгохтой адил ёс төдий үзэгдээд л өнгөрсөн гэж хэлж болно. Үлдсэн нь мэдээж шагчдын гарт очиж тэд тэнгэрт тулсан үнээрээ иргэдийн халаасыг сэгсэрч байна.

Уг нь долдугаар сарын 7-ноос буюу өнгөрөгч Бямба гаригаас наадмын тасалбарыг худалдаалж эхэлнэ гэж албанынхан хэлж байсан ч өнгөрсөн Баасан гаригт буюу 6-нд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд цөөн хэдэн тооны тасалбар ирж маргааш өглөө нь гэхэд хэдийнэ дуусчихсан гэж байлаа. Бямба гаригт Сонгинохайрхан дүүргийн Драгон нэгдсэн үйлчилгээний төвд 12.00 цаг өнгөрч байхад очиход тасалбар аль хэдийнэ дууссан байв. Энэ үеэр иргэд хамгийн багадаа гурван өдөр зарим нь дөрвөн өдөр хонон өнжөөд ч тасалбартай болж чадсангүй гэж бухимдан ярьж байсан юм. Угтаа бол тухайн өдрийн 09.00 цагаас наадмын тасалбар олгож эхэлнэ гэсэн атал ажилчид нь 11.00 цаг өнгөрч байхад ирээд 100 хүрэхгүй хүн оруулаад тасалбар дуусчихлаа гээд хаалгаа барьжээ.

Өөрөөр хэлбэл, ёс төдий цөөн хэдэн хүнд олгосон болгоод үлдсэнийг нь шагчдын гарт өгчихдөг гэсэн үг. Энэ нь бүр сүлжээ болтлоо өргөжиж, зарим төрийн албан хаагчид, билетийн кассынхан шагчидтай нийлж, зохион байгуулалттайгаар ажилладаг гэдгийг зарим иргэд хэлж байсан юм.

Нэгэнт шагчдын гарт орсон тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч наадмын нээлтийн 24 мянган төгрөгийн тасалбар 150 мянган төгрөг, 16 мянган төгрөгийн тасалбар 80 мянган төгрөг, Eрөнхийлөгчийн асрынх 320 мянган төгрөгөөр тус тус борлуулагдаж байна. Шагчдын тасалбараа борлуулах орон зай нь мэдээж сошиал орчин. Тэд хуурамч хаяг нээж зарын группүүдээр борлуулалтаа хийгээд хэдийнэ эхэлсэн. Аав, ээж, амраг саднаа наадмын нээлт үзүүлчих юмсан гэсэн иргэдийн итгэл сэтгэл дор бизнес хийж буй шагчдадтай хотын захиргаа, хууль хүчний байгууллага нь тэмцэхгүй байгаа нь тэднийг улам даврааж байна.

Нэг хэсэг нь наадмын нээлт үзэхийн тулд хол, ойроос зорин ирж, хонон өнжин тасалбар авахаар дугаарлаж байхад нөгөө хэсэг нь худалдаанд гарсан хэдэн тасалбарыг нь авч хав дарчхаад амандаа багтсан үнээ хэлж суух тэдний увайгүй байдлыг бид өөгшүүлсээр байх гэж үү. Орчин цагт техник технологи хөгжиж, бүх зүйл онлайн системд шилжсэн атал манайхан харанхуй бүдүүлэг үетэйгээ зууралдсаар байгаа бодит жишээг наадмын тасалбар түгээлтээс харж болно. Манай дарга нар иргэдээ зориуд залхаан цээрлүүлж тарчлаах байдлаар аливаа үйл ажиллагааг явуулдаг. Тухайлбал, наадмын тасалбар, сургууль, цэцэрлэг, сурагчийн дүрэмт хувцас, банк гээд иргэд нь дугаарлахгүй зүйл гэж үнэндээ монголд алга.

Жил бүрийн наадмаар бараг том цэнгэлдэх хүрээлэн барьчих хэмжээний мөнгийг бид зүгээр л шагчдад “Май” гээд л өгчхөж байна. Нөгөө талаар, дэлхийд гайхагддаг монгол наадмаараа Монгол Улсаа сурталчилж, жуулчдыг татах учиртай атал өнөөдөр дотоодын иргэдэд нь ч наадмын тасалбар олдохгүй байгаа нь бид дэлхийгээс хэр хол хоцорсон бэ гэдийг илт харуулна. Аялал жуулчлалаа хөгжүүлнэ гэж дарга нар том ярих атлаа яагаад наадмын тасалбараа онлайнаар түгээж болдоггүй юм бэ. ‘Сая гаруй хүнтэй хотын стадион 12 мянган суудалтай’ гэж хотын захиргаа нь өөрсдийгөө өмөөрч хэдий хүртэл наадмын тасалбарыг шилний цаанаас чихэр долоолгохтой адил иргэдээ доромжилж, шагчдын толгой илсээр байх вэ.

Эсгий туургатны нийгэм төрийн их баяр эрийн гурван наадмаа үзэх хүсэлтэй иргэдийн хүсэл шагчдын өмнө мохож, ирэх жилийн наадмыг хүлээхэд даанч хол юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж