Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш 30 жил өнгөрчээ. Ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг зургадугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан билээ. 11 жил завсарласны эцэст эргэн ирсэн “Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Э.Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болсон юм. Тэрбээр 21 настай бөгөөд Орхон аймгийг төлөөлж оролцлоо. Түүний тухайд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг бөгөөд унаган англи, орос хэлтэй аж. Оюунлаг сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд Э.Энхриймаагийн тавьсан илтгэл шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан бөгөөд ‘Монголын сайхан бүсгүй’-гээр тодроход тэрхүү шалгаруулалтын оноо ихээхэн түлхэц болжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагч болсонд тань баяр хүргэе. Хоёулаа ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлье гэж бодлоо. Э.Энхриймаа багадаа ямар хүүхэд байв?
-Баярлалаа та бүхэнд. Би Орхон аймагт төрсөн. Хүүхэд нас минь бусад хүүхдүүдийн адил хичээл номдоо шамдан суралцсан ах дүү нартайгаа тоглож наадсан гэгээн сайхан дурсамжуудаар дүүрэн байдаг.
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд. Манай гэр бүл энгийн л нэг Улаанбаатар хотын уугуул айл.
-Өмнө ийм төрлийн тэмцээн уралдаанд оролцож байв уу? Эсвэл таны анхны тэмцээн байв уу?
-Би багаасаа л өөрийн хүсэл сонирхлоор уран уншлага, математик гээд олон тэмцээн уралдаануудад ганцаараа болон багаараа амжилттай оролцсоор ирсэн. Гэхдээ яг энэ төрлөөр бол миний анхны уралдаан байсан. Миний хувьд загварын ертөнц сайхан бүсгүй хоёр агуулгын хувьд ангид гэж үздэг. Би өөрөө бол загварын ертөнцөөс хол хүн.
–Анх хэрхэн “Монголын сайхан бүсгүй’ уралдаад оролцохоор шийдсэн бэ?
-Ээж минь надад уралдаанд орох саналыг тавьсан нь миний хувьд их гэнэтийн зүйл байсан. Гэхдээ ээжийн минь надад үзүүлж байгаа итгэл найдвар уралдаанд оролцох шийдвэрт нөлөөлсөн.
–Таны бодлоор “Монголын сайхан бүсгүй’ уралдаан нь ижил төрлийн бусад тэмцээнээс ялгарах онцлог юу гэж хардаг вэ?
-Ганц харагдах гоо сайхан байдлаас илүү оролцогч тус бүрийн мөн чанарт нь онцгойлон ач холбогдол өгч түүнийгээ ч гол шалгуураа болгож байсан болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Мөн богино хугацаанд олон сайхан үр бүтээлтэй ажлуудыг зохион байгуулж оролцогч бидэнд нийгмийн хариуцлагаа ухамсарлах боломжуудыг бий болгож байсан нь миний хувьд онцлог байлаа.
-Усны хувцастай гарааг бүрэн халсан нь өөрт тань хэр санагдаж байв?
-Юуны түрүүнд дэлхийн үзэл суртлын жишигт манай улс хөл нийлүүлэн алхах болсон энэхүү шийдвэрийг гаргасан "Хатан Эрдэнэ" холбоонд талархаж байна. Нийт оролцогч охид 19-27 насныхан байсан. Миний хувьд анхны уралдаан байсан болохоор энэ асуудал өөрийн эрхгүй ичих айх мэдрэмжийг төрүүлж байсан. Тийм болохоор уралдааныг зохион байгуулагчид энэ гарааг халсан гол зорилго, утга санааг нь ч баярлан хүлээж авахад нөлөөлсөн.
-Оюунлаг сайхан бүсгүйгээр мөн шалгарсан шүү дээ. Та илтгэлийнхээ талаар дурдвал?
-Миний илтгэл “Хүндлэл хүн төрүүлдэг” гэсэн сэдэвтэй нөлөөллийн бичил төсөл. Энэ төсөл маань жижиг мэт боловч нөлөөлөл нь хойч ирээдүй рүү чиглэсэн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх явцад бүх л эцэг эхчүүдэд тулгардаг олон чухал асуудалд нь тус дэм болж тэр хирээрээ бодит үр дүнгээ өгөх төсөл юм. Төслийн минь зорилго эцэг эхчүүд хүүхдүүддээ хэр их хүндлэл үзүүлж, зөв зүйтэй харьцана тэр хирээрээ хойч ирээдүй маань эх орныхоо зөв иргэн болж төлөвшинө гэсэн том зорилготой. Тийм ч учраас миний хамгийн түрүүнд хийх ажлуудын эхэнд энэхүү төсөл минь байгаа.
–Тэмцээний шалгаруулалтын талаар ярихгүй юу?
-Шалгаруулалт миний хувьд их өндөр байсан тийм ч болохоор шилдэг оролцогчдын нэг болж үлдсэндээ их баяртай байсан. Тэмцээн 20 хоногийн турш маш шахуу өндөр зохион байгуулалттайгаар үргэлжилсэн.
-Богино хугацаанд маш шаргуу бэлтгэл хийсэн байх. Их ядрав уу?
-Тэр бүх хугацаанд ядарсан гэхээсээ илүү Монголын үе үеийн сайхан бүсгүйчүүдийг ямар гайхалтай, үнэт зүйл хүндлэл агуулсан, нөмөр нөөлөгтэй, тэсвэр хатуужилтай эмэгтэйчүүд болохыг мэдэрч тэднийг ойроос харж харилцан ярилцаж тэднээс суралцаж байсан минь мөн үеийн охидтой танилцан тэдэнтэйгээ хамтдаа сайхан дурсамжууд бүтээсэндээ баяртай байгаа.
шагнал маань миний хувьд асар их үнэ цэнэтэй
-Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоотой тусгайлсан гэрээ байгуулсан гэж сонслоо. Гэрээний заалтуудаас сонирхуулаач. Уншигчдад маань сонирхолтой байх.
-Тиймээ аливаа уралдаан тэмцээнд оролцож байгаа хүн бүр тухайн тэмцээн уралдаанаа хүндэтгэн тэмцээн зохион байгуулагчдын гаргасан бүх л дүрэм журмыг нь чандлан биелүүлэх ёстой тийм ч учраас бидэнтэй тодорхой хугацаанд гэрээ байгуулсан.
–Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулах вэ?
-Юун түрүүнд хүн амын орлогын албан татвараа төлнө. Энэ шагнал маань миний хувьд асар их үнэ цэнэтэй тийм ч болохоор өөрт үлдэх шагналын мөнгөнийхөө дийлэнхийг ‘Хатан эрдэнэ’ холбооныхонтойгоо хамтран нийгмийн сайн сайхны төлөөх аянд зориулна. Үлдэх мөнгөө ‘Хүндлэл хүн бүтээнэ’ бичил төсөлдөө үр бүтээлтэйгээр зарцуулахаар төлөвлөж байгаа. Ингээд шагналын мөнгө маань 100 хувь нийгмийн сайн сайхны төлөөх аянд зарцуулагдана.
-Та цаашид эх орноо төлөөлж олон улсын миссийн тэмцээнд оролцох уу?
-Би ирэх онд сургуулиа төгсөнө миний хувьд маш ачаалал өндөртэй жил болох учраас одоогоор энэ талаар бодож амжаагүй байна.
–Таныг найз залуутай эсэхийг асууж болох уу?
-Найз залуутай байна гэдэг нь цаг хугацаа, хариуцлага гээд олон зүйл хэрэгтэй юм шиг харагддаг. Тиймээс бэлэн биш байгаа.
-Гоо сайхан ертөнцийг аврах хүчтэй гэдэгт итгэдэг үү? Хэрэв тийм бол таны гоо үзэсгэлэн хэр хүчирхэг зэвсэг вэ?
-Гоо сайхан гэдэг үгийг би эмэгтэй хүний жишээ дээр хоёр салгаж ойлгодог. Миний хувьд “Гоо” гэдэг бол гаднах үзэмж, харин “Сайхан” гэдэг үг бол нэг бүхэл том ойлголт юм. Энэ ч утгаараа ертөнцийн бүх эмэгтэйчүүд ээж болохоор хорвоод мэндэлдэг тэд бүгд өөр өөрсдийнхөөрөө гоо сайхныг бүтээдэг. Тийм ч учраас гоо сайхан байдал эргээд зэвсэг байж болно гэдэгтэй би санал нийлдэггүй.
-Дотоод сэтгэлийн гоо сайхнаар яривал та хэр “хөөрхөн” хүн бэ?
-Дотоод сэтгэлдээ би өөрөө өөртөө бол үнэхээр ‘хөөрхөн’.
–Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Надад хичээл сургуулийн завсраар чөлөөт цаг тун ховор олдож байгаа тэр багахан хугацаагаа би дуртай зүйлсээ хийх эсвэл гэр бүл ойр дотнын найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг
-Таны ойрын төлөвлөгөө
-Миний хамгийн ойрын том төлөвлөгөө бол суралцаж буй сургуулиа амжилттай төгсөх. Мэдээж би залуу хүн учраас бодож төлөвлөж байгаа олон сайхан адал явдалтай аяллууд бас бий.
-Цаашдын зорилгоос тань хуваалцаж болох уу?
-Цаашдын зорилго одоо харж байгаагаар бол үргэлжлүүлэн сурах мөн хүмүүнлэгийн үйлсийг тасралтгүйгээр үргэлжлүүлэн өөрийнхөө хэмжээнд хийнэ. Харин мөрөөдлийн тухайд энэ удаад би өөртөө үлдээе.