Япон улсад 44 жилийн дараа тэмбүү өвчний тархац илт өссөн байна. Хот суурин газар амьдарч байгаа хүмүүс илүүтэйгээр тусч байгааг судлаачид тогтоожээ. Тэмбүүгээр өвдсөн хүн өөрийгөө халдварлагдсан эсэхээ мэддэггүй бөгөөд бусдад халдаах аюултай байдаг байна. Японы үндэсний халдварт өвчинтэй тэмцэх байгууллагаас 2017 онд 5829 хүн тэмбүү өвчнөөр халдварлаж байсан бөгөөд 2014 оныхтой харьцуулахад 3.5 дахин нэмэгджээ.
Японы канто мужид оршин суудаг 20 настай, биеэ үнэлдэг эмэгтэй өөрийгөө тэмбүү туссан гэдгээ мэдээгүй байж. Сарын өмнө бие дээр нь улаан өнгийн бижрүү тууран гарсан боловч төд удалгүй алга болсонд эмэгтэй санаа зоволгүй биеэ үнэлж, үйлчлүүлэгчдийг тэмбүүгээр халдварлуулжээ. Хожим нь эмнэлэгт цусны шинжилгээ өгч үзүүлэхэд түүнийг тэмбүү туссаныг илрүүлж эдгээхээр антибиотик өгсөн байна. Тэрбээр сарын дараагаар эдгэсэн. “Энэ халдварт өвчин туссан эсэхээ өөрөө ч мэдэлгүй бусдад халдаасанд гүнээ гэмшиж байна” гэж тэрбээр ярилцлага өгчээ.
Япон гэр бүл төлөвлөлтийн холбооны тэргүүн эх баригч-эмэгтэйчүүдийн эмч Кунио Китамура “Залуучуудын эрээ цээргүй байдал болон гар утасны болзох зориулалттай аппликейшн тэмбүү өвчин нэмэгдэхэд нөлөөлж байгаа” гэжээ.
Тэмбүү өвчин нь Трепонема паллидум бактериас гаралтай бөгөөд ам, арьс болон бэлгийн замаар дамжин халдварладаг. Эмчилж эдгээгээгүй тохиолдолд тархины гэмтэлтэй болох аюултай бөгөөд улмаар үхэлд хүргэдэг аж. Мөн бүрэн эмчилж анаагаагүй бол сэтгэц мэдрэлд нөлөөлж оюун санааны хомсдолтой болгодог. Жирэмсэн эхчүүд тэмбүү тусвал үр зулбах, бактери цусаар дамжин ургийн элэг, нүд болон чихэнд нөлөөлдөг ажээ. 2011-2015 онд 20 нярай ургийн тэмбүү тусч, гурав нь насан барсан бол гурав нь амьд боловч хөгжлийн бэрхшээлтэй төрсөн гэж Японы эрүүл мэндийн яам судалгаа гаргажээ. Японы эмч нар иргэдээ цусны шинжилгээ өгч,эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэж зөвлөж байгаа гэнэ.
Г.БАТМАНДАХ
ЭХ СУРВАЛЖ: ASAHI