Буриад сурын харваагаар шинэ мэргэн цолтон төрөв

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Буриад сурын харваагаар шинэ мэргэн цолтон төрөв

Буриад сурын харваагаар шинэ мэргэн цолтон төрөв

Үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэлдэг. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваа өнгөрөгч бямба гаригт урианхай сурын харваагаар Төв цэнгэлдэхийн дэргэд сурын талбайд эхэлсэн. Өчигдөр буриад сурын харваа болж, шинэ мэргэн цолтон төрөв.

Буриад сурын харваанд Баян-Өлгий аймгийн аймгийн Алтай сумын харьяат “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Н.Алтантулга 64 сумнаас 61 онон түрүүлж, буриад сурын улсын мэргэн цолны болзол хангажээ. Удаах байрт Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Сүхбаатар дүүргийн иргэн “Алтандуулга” багийн харваач Б.Пүрэвсүрэн (60 сум), мөн Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, буриад сурын гарамгай мэргэн О.Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул “Цамбагарав өгөөж” ХХК-ийн харваач Ж.Нямсүрэн  нар 60 сум оносон амжилтаар орсон байна.

Буриад сурын эмэгтэй харваанд Улаанбаатар хот, “Хөвсгөл-Алтандуулга” багийн харваач буриад сурын хошой мэргэн Ж.Нямдаваа 64 сумнаас 60 онож түрүүлсэн бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, даян мэргэн, спортын мастер, “Петровис” компанийн харваач Д.Эрдэнэтуяа 58, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Баян улзын хишиг” хоршооны харваач Б.Ганчимэг 56 оноогоор хоёр, гуравдугаар байрт оржээ.

Сурын талбайд өнөөдөр хүүхдийн харваа болж байна. Үндэсний их баяр наадмын сурын харваа маргааш хана харваагаар эхэлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж