Монгол Улс агаарын хөлгөө Сингапурын биржийн үнээр цэнэглэдэг боллоо.
Москва хотноо өнгөрсөн долоо хоногт /2018.07.02/ Роснефть болон “Сод Монгол” групп нэгэн чухал гэрээг үзэглэсэн байна. Гэрээг үзэглэх арга хэмжээнд “РН-Аэро” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Папков Сергей Борисович, “Сод Монгол Групп” ХХК-ийг төлөөлж дэд ерөнхийлч Б.Сүхбаатар нар байлцжээ. Энэ гэрээг үзэглэснээр Монгол Улс агаарын хөлгөө Сингапурын биржийн үнээр цэнэглэдэг боллоо гэсэн үг. Тодруулбал, гэрээний 1.1.2-т “Олон улсын стандартад нийцсэн агаарын хөлгийн шатахууныг Сингапурын хөрөнгийн биржээс тогтоосон үнэ буюу дэлхийн зах зээлийн үнээр тогтвортой нийлүүлэхийг илэрхийлж байна…” гэж заажээ. Ийнхүү олон жилийн турш хөвөрсөн “МИАТ компани шатахуунаа өндөр үнээр авдаг” гэсэн шүүмжлэл эцэслэгдэж байна.
Яг үнэндээ МИАТ компани шатахуунаа өндөр үнээр авдаг байсан уу гэдэг асуулт өөрөө их ээдрээтэй. Учир нь саяхан олон нийтэд ил болсноор МИАТ компанийн тийзийн үнэд нөлөөлөх шатахууны ханш 24 хувь байдаг нь мэдээлэгдсэн. Гэтэл Турк 28, Сингапур 27, Хятад 26 хувийн шатахууны үнийг тийзэндээ шингээж арилждаг ажээ. Энэтхэг бүр тийзийнхээ үнийн 33 хувьд шатахууны зардлыг нэмдэг гэсэн статистик саяхан хэвэлүүдээр мэдээлэгдсэнээс харахад МИАТ хэзээнээсээ дэлхийн зах зээлийн ханшаар шатахуунаа авдаг байсан нь тодорхой байна.
Д.БАЯР