Хүүхдэд аюулгүй хот хэрэгтэй, хотын дарга аа?

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Хүүхдэд аюулгүй хот хэрэгтэй, хотын дарга аа?

Хүүхдэд аюулгүй хот хэрэгтэй, хотын дарга аа?

Хэдийгээр наадам хаяанд ирж, баярын уур амьсгал орсон ч “Аз жаргалтай Улаанбаатар хот”-ыг цогцлоох амлалт өгсөн хотын даргад хүүхдэд аюулгүй хот хэрэгтэй байна гэдгийг сануулъя. Зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг ч шат, шатанд хариуцлага хэрэгждэг байсан бол энхрий бяцхан үрсээ цаг бусаар алдах байсан гэж үү.  

Хүүхэд хөл бөмбөгийн талбайн хаалганд даруулж амиа алдсан тэр өдрөөс хойш хэчнээн ч бяцхан зүрх зогсов. Хамгийн сүүлд Налайх дүүрэгт 10 настай охин тогонд цохиулж амиа алдлаа. Эл хэрэг явдал болохоос хэдхэн хоногийн өмнө эмийн сангийн тогтой хаалга барьснаас бас нэг бяцхан зүрх тэнгэрт одсон. Под станцын хаалга түгжээгүй байснаас хоёр хүүхэд түлэгдэж, хүнд бэртэл авсан. Гүүр барих нэрээр бий болгосон тогтоол усанд мөн л хүүхэд живсэн.  Бичээд байвал томчуудын буруугаас, ажилдаа хариуцлагагүй хандсанаас үүдэж, хүүхэд эндсэн олон жишээг энд дурдаж болно.  Эцэг, эхчүүдэд ч энэ үг бас хамаатай.  Гэхдээ Улаанбаатар аюулгүй хот байсан бол тэр бяцхан үрс өнөөдөр тоглоод гүйж явах байлаа.  Үнэхээр харамсалтай, тэднийгээ хамгаалж чадсангүй.

Уг нь Улаанбаатар хотод хүүхэд тогонд цохиулж амиа алдсаны дараа цахилгааны ил задгай утсыг аюулгүй болгох ажлыг эхлүүлсэн байдаг.  Даан ч ажил нь яст мэлхийн хурдаар явж байх завсар дээрх харамсалтай хэрэг болсон. 

Хэрэв Улаанбаатар хотод цахилгааны төлбөрөө цаг хугацаандаа хийгээгүй айл олон байна гэсэн бол монтерууд хэзээний айл бүрийн шийдэнд очоод цахилгааныг таслах байсан даа. Чухамдаа бол арван гэрийн дунд орших цахилгааны шон хазайж, хүчдэл нь газардуулгагүй хүчдэл хуралдсан байсныг аюулгүй болгоход тэгж их цаг орохгүй, мөнгө ч бас тэрбумаар нь шаардахгүй. Сэтгэл дутсан, ажилдаа хариуцлагагүй хандсаны хохирогч нь хүүхэд л болж байна.

Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр хүүхдийн орчинд үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг хаах шийдвэр гаргажээ. Гэмт хэрэгт уруу татагдах, хохирогч нь болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг авч байгааг ойлгож болох ч өмнөх алдаанаасаа сургамж авч, ажиллаагүй цагт аюул холдлоо гэж тайвшрах аргагүй.

Тэр тусмаа Улаанбаатар хотод хүүхэд бэртэж гэмтэж болзошгүй газрууд олон байна. Хүүхдийн тоглоомын газрын яг дэргэд нь барилга бариад, эцэг, эхчүүд нь хүүхдээ тоглуулаад сууж байна. Хэн гээч эрх мэдэлтэн нь хүүхдийн тоглоомын талбайтай зэрэгцүүлээд газрын зөвшөөрөл олгочихдог юм бүү мэд.

Дээр нь “Аз жаргалтай Улаанбаатар хот”-ыг цогцлооно гэдэг энд тэнд хэдэн чимэглэлийн хөшөө босгохыг хэлдэггүй. Хүүхэд эцэг, эхтэйгээ аюулгүй орчинд өсч, торниж гэмээнэ “Аз жаргалтай хот” бий болно.  Цэцэрлэгт хүрээлэнгээс эхлээд хүүхэд хамгийн ихээр очиж тоглодог газруудад тавих хяналт шалгалтыг ч чангаруулахгүй бол эрсдэл хаа ч хүлээж байж болзошгүй байна. Хоёр жилийн өмнө танай баг 2020 он хүртэл “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ амлаж, баталсан. Сургууль, цэцэрлэг нэмж барьснаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэж болохгүй.

Хүүхдэд аюулгүй хот юу, юунаас чухал хэрэгтэй байна шүү, хотын дарга аа. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж