Яармагийн шинэ гүүрийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

Яармагийн шинэ гүүрийг нээлээ

Яармагийн шинэ гүүрийг нээлээ

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг өнөөдөр /2018.07.09/ нээлээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийг 2016 оноос эхлүүлсэн. Өнөөдөр шинэ гүүрийг нээж, Яармагийн гүүр орчмын түгжрэлийг бууруулах боломжтой болжээ. Энэ гүүрээр өдөрт 20-30 мянган машин зорчиж, хуучин гүүрнээс гурав дахин их ачааллыг авах чадвартай аж. 

Яармагийн шинэ гүүр 250 метр урттай, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээ бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээ байх юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1 , 2 “ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой болж байна. 

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар ажилласан бол төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Төмөр замын 20-р товчоо групп” корпораци ажиллаж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байгаа аж. Яармагийн шинэ гүүрийг өнөөдрөөс эхлэн ашиглалтад оруулж, хуучин гүүрийг түр хугацаагаар хаахаар болсон байна. Хуучин гүүрийн засварын ажил ирэх арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж. Шинэ гүүр ашиглалтад орсон нь сүүлийн 60 жилд байгаагүй замын бүтээн байгуулалтын хамгийн том ажил гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас үзжээ. 

Туул гол дээрх дөрвөн эгнээ, 250 метрийн урттай Яармагийн үндсэн шинэ гүүр есөн сарын хугацаанд баригдаж дууссан байна. Гүүрийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр барьжээ. Шинэ гүүр одоо байгаа хуучин гүүрнээсээ гурав дахин их ачаалал авч хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадалтай. Гүүр ашиглалтад орсноор Яармагийн гүүрний орчмын замын түгжрэл 50-60 хувь буурах аж. Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригджээ.  Яармагийн бүтэн гүүр буюу яармагийн уулзвар орчмын засвар шинэчлэлтийн ажил ирэх арваннэгдүгээр сарын 30-нд бүрэн дуусах юм байна. 

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж