“Ирэх жил наадмын нээлтийг хоёр өдөр зохион байгуулна”

Хуучирсан мэдээ: 2018.07.09-нд нийтлэгдсэн

“Ирэх жил наадмын нээлтийг хоёр өдөр зохион байгуулна”

“Ирэх жил наадмын нээлтийг хоёр өдөр зохион байгуулна”

Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан өнөөдөр /2018.07.09/ болж байна. Хуралдааны үеэр Байгаль, орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас зарим зүйлийг тодрууллаа. Монгол Улсын хувьд жуулчдынхаа 80 гаруй хувийг хоёр хөршөөсөө авдаг юм. Тиймээс гурван улсыг холбосон Цайны зам дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Түүнчлэн долдугаар сард Монголд ирж байгаа жуулчид наадмын нээлтийг үзэхээр төлөвлөдөг ч тасалбар хүрэлцдэггүйгээс төлөвлөгөө нь нурдаг. Энэ жил ч уг асуудал давтагаж буй. Харин  ирэх жилээс наадмын нээлтийг хоёр  өдөр болгож, жуулчдад наадмын нээлт үзэх боломж олгохоор болжээ.

-Монгол Улсад ирж байгаа жуулчдын 80 гаруй хувийг хоёр хөршийн жуулчид  эзэлж байна. Тэдний онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улс өнгөрсөн жил 470 гаруй мянган жуулчин хүлээн авсан. Үүнээс ОХУ-ын жуулчид 140 мянга, БНХАУ-ын жуулчид 160 мянгыг эзэлж байна. Хятадын жуулчдын 60-70 хувь нь дотооддоо аялах сонирхолтой байдаг. Мөн залуу аялагчид цаг хэмнэх үүднээс агаарын тээврийг түлхүү ашигладаг. Тиймээс насны онцлогт тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүн санал болгох шаардлага тулгарч байгаа. Цайны замын аяллыг зохион байгуулаад таван жил болж байна. Энэ хүрээнд залууст агаарын тээвэр, хүүхэд, өндөр настанд галт тэрэгний аялал санал болгож, залууст үнийн хувьд боломж олгох тал дээр ажиллаж байгаа. Баян-Өлгий орох жуулчин заавал Улаанбаатарт ирээд дамждаг биш,  Ховдод буугаад дамжих боломж олгохоор төлөвлөж байгаа. Мөн Увс, Ховд, Дорнод, Өвөрхангайд олон улсын нислэгийн боомт байгуулахаар ажиллаж байгаа.   

-Гурван улсын сайд нарын уулзалт гурав дахь жилдээ болж байна. Уулзалт болсноос хойш ямар өөрчлөлт гарсан бэ?

-Гурван улсын сайд нарын уулзалтыг 2016 оноос хойш хийж байгаа. Гурван улсын аялал жуулчлалд хамгийн амжилттай яваа нь Транс Себирийн галт тэрэг. Барууны орныхон уг аяллыг амьдралдаа нэг удаа явах аялал гэж үзэж байгаа. Бид үүнтэй адил зүйл бий болгоод олон улсын зах зээлд санал болгох боломжтой. Энэ хүрээнд Цайны зам дагуу юу үзэх боломжтойг тодорхой болгох саналыг өнөөдрийн хуралдаанд  дэвшүүллээ. Анхны хурлын дараа Олон улсын Цайны зам дагуух аялал жуулчлалын холбоо байгуулсан. Холбоонд Цайны зам дагуух хот, аймаг гишүүнээр элссэн.  Дараа нь хил дамнасан аялал жуулчлал хөгжүүлэх санал дэвшүүлсэн. Тухайлбал, Хятадаас Орос хүрэхдээ Монголоор дайрч, аялах боломжийг хөгжүүлэх. Ингэснээр жуулчдад нэг аяллаар Баруун, Дорно, нүүдэлчин соёлтой орноор аялах санал болгож байгаа. Үүнийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Жуулчид наадмын нээлтийг  сонирхдог. Гэвч тасалбар нь хүрэлцдэггүй. Энэ асуудлыг шийдвэрлэх ямар бодлого байна вэ?  

-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээллээр Наадмын нээлтийн тасалбараас 2500 ширхэгийг нь жуулчдад хуваарилсан байсан. Энэ нь тун хангалтгүй тоо. Байгаль, орчин аялал жуулчлалын яамны зүгээс жуулчдад аль болох наадмын нээлт үзүүлэх зорилго тавьдаг. Гэвч наадмын нээлтийн асуудал нийслэл хариуцдаг. Жуулчдын оргил цаг нь долдугаар сар. Энэ үед жуулчдаас эдийн засгийн өгөөж авах хэрэгтэй. Монгол Улсыг гадаадад сурталчлах төсөв бага байдаг. Энэ ажлыг аялал жуулчлалын компаниуд өөрсдийн зардлаар хийдэг. Ингэхдээ жуулчдыг татахын тулд наадмын нээлт үзэх боломжтой гэж сурталчилдаг. Ингээд аваад ирэхэд нь бид тэдэнд наадмын нээлтийг үзүүлж чаддаггүй нь харамсалтай.

 Өнгөрсөн долдугаар сард 80 гаруй мянган жуулчин ирсэн. Энэ сард  90 гаруй мянган жуулчин ирнэ. Нэг жуулчин Монголд 1500 ам.доллар зарцуулдаг гэж тооцдог. Үүнийг нэмэгдүүлээд, 25 мянган ам.доллараар наадмын тасалбар өгөх боломж бий. Тиймээс стадионы хэмжээнээс хамаараад наадмын тасалбарын тоог нэмэгдүүлэх боломжгүй байгаа юм бол жуулчдад наадмын нээлт үзүүлэх өөр нэгэн боломжийн талаар Баяр наадам зохион байгуулах үндэсний комисст дөрөвдүгээр сард санал хүргүүлсэн.

Ингэхдээ наадмын нээлтийг хоёр өдөр болгоод, нэг өдөр нь жуулчдад зориулсан наадмын нээлт хийх санал хүргүүлсэн. Хариуд нь “Нээлтийг хоёр өдөр зохион байгуулахад зардал их гарна. Энэ жил тийм их зардал төсөвлөгдөөгүй. Стадионы хэмжээг томруулах боломжгүй тул ирэх жилээс  наадмын нээлтийг хоёр өдөр зохион байгуулж болох юм” гэсэн.  Мөн ирэх жил наадмын нээлтийг хоёр өдөр зохион байгуулахаар төсөвт тусгана гэсэн. Тиймээс ирэх жил наадмын нээлт хоёр өдөр болох байх.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж