Жил, жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэх гэсэн иргэд тасалбар худалдан авахын тулд хонон өнжин дугаарладаг. Үүнийг засахын тулд нийслэлээс наадмын тасалбарыг онлайнаар худалдан борлуулах болж, программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй гэж баяр наадмыг зохион байгуулах хорооныхон үзжээ. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр наадмын тасалбарыг борлуулсан юм.
Наадмын тасалбар гурван төрлийн багцаас бүрджээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмын тасалбартай ижил наадмын нээлт, бөхийн барилдаан, наадмын хаалт гэсэн гурван төрөл байна. Тасалбарыг ‘Дүнжингарав’, ‘Драгон’, ‘Мишээл’, Зургаан буудлын ‘Оргил’ төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр дамжуулан долдугаар сарын 7-ноос борлуулах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах хорооноос гаргасан. Үүний дагуу дээрх нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулж эхэлсэн ч өдөртөө дууссан гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Тасалбарын тухайд үнэ нэмэгдээгүй 24 мянган төгрөг байсан бөгөөд нэг хүнд хоёр л тасалбар борлуулах зарчмаар иргэдэд үйлчилжээ. Харин жуулчдынх 25 ам.долларын үнэтэйгээр борлуулагджээ. Өглөөний 10.30 цагт Дүнжингарав төвд очиход наадмын тасалбарыг баасан, бямба гаригт тус төвийн нэг цэгийн үйлчилгээний арын хаалгаар борлуулж дууссан гэж тус төвийн менежер хэлэв. Мөн бусад нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ч наадмын тасалбар хэдийнээ дууссан байна. Албаны хүний хэлснээр нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв тус бүрт 2000 тасалбар тараасан юм байна.
Э.АРИУН