БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иний Азийн улсуудад хийх албан ёсны айлчлал эхэллээ. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон тэргүүн хатагтай Ким Жон Сук нар болон бусад албаны төлөөлөгчид, бизнесийн лидерүүдээс бүрдсэн маш том баг Энэтхэгт ирээд байна.
1.3 тэрбум хүн амтай, эдийн засаг нь хурдацтай хөгжиж буй Өмнөд Азийн Энэтхэг улс Өмнөд Солонгосын стратегийн болон бизнесийн сонирхлыг нь ихэд татаж байгаа юм. БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин айлчлалынхаа эхэнд дэлхийн хамгийн томд тооцогдох Акшардхам сүмээр зочилжээ.
Мүн тус улсын нийслэл Шинэ Дели хотоос холгүйхэн 25 км орчим яваад хүрэх Нойда-д баригдсан Samsung компанийн шинэ үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм. Тус нээлтэд Samsung групийн захирал Ли Жэй Ёнг мөн оролцох аж. Ирэх Мягмар гаригт буюу маргааш Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тус улсын ерөнхий сайд Нарендра Модитой уулзан Хоёр орны түншлэлийг шинэ түвшинд авчрах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бататгахаар зорьжээ. Мүн Энэтхэгт долдугаар сарын 8-11-н хүртэл дөрвөн өдрийн айлчлал хийх аж.
Мүн лхагва гаригт Сингапур луу ниснэ. БНСУ нь Солонгосын хойгийн аюулгүй байдлыг хангахын тулд Азийн орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм. Зүүн өмнөд Азийн холбоотой хамтран хийж хэрэгжүүлэх ‘Умардын шинэ бодлого’ нэртэй Солонгосын хойгт тогтвортой байдал, энх тайвныг бий болгохын тулд Өмнөд Солонгосын баримталж буй бодлого, боловсруулалт, алсын хараа ямар байх талаар Сингапурын удирдагч нартай санал бодлоо хуваалцана гэжээ.Мөн хоёр орны хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх арга замыг хэлэлцэх болно гэж хөх ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Сингапурын ерөнхийлөгч Халима Иакоб, ерөнхий сайд Ли Сянь Лун нартай уулзана. Мүн долдугаар сарын 11-13 хүртэл Сингапурт ажиллана.