МАХН-ын ээлжит бус Их чуулган өнгөрсөн бямба гаригт /2018.07.07/ болж өнгөрсөн. Чуулганаар МАХН-ын зарим гишүүд санаачлан боловсруулсан Дээд хуулийн төслийг нийт гишүүддээ танилцуулж, мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод асуудлаа хэлэлцсэн байна. Өмнө нь МАХН-ынхан мөрийн хөтөлбөр, дүрэмдээ өөрчлөлт оруулж Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн боловч шүүх хүлээж авахаас татгалзсан. Иймд ээлжит бус чуулган хуралдуулж, намын дотоод асуудлаа цэгцлээд, Н.Энхбаярыг намын даргаараа улираан томилсон байна.
МАХН бол Н.Энхбаярын хувийн компани шиг байдаг гэж олон хүн ам дамжин ярьдаг ч Н.Энхбаяр өнгөрсөн оны сүүлээр даргын суудлаасаа “мултрах” дөхсөн. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон зарим гишүүд нь МАХН-ын Их чуулганыг зохион байгуулж, О.Баасанхүүг намын даргаар сонгосон байдаг. Гэвч тэдний баримт бичгийг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан юм.
Ийнхүү О.Баасанхүү, Н.Энхбаяр нарын дунд асуудал үүсч, намаас хөөх дээрээ тулаад байгаа билээ. Харин Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригт болсон Их чуулганы үеэр “УИХ-ын гишүүн О.Баасанхүү надаас уучлалт гуйвал би түүнийг уучлахад бэлэн” гэдгээ онцолсон байна.
Т.НОМИН