Өнгөрсөн Ням гаригийн өглөө Тайланд улсын эрх баригчид Там-Луанг агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаагаа эхлүүлсэн юм. Аврах ажиллагаа амжилттай болж 12 хүүхдээс эхний дөрвөн хүүхэд эсэн мэнд агуйгаас гарсан байна. Аврагдсан даруйд тэднийг түргэн тусламжийн машинаар агуйн ойролцоох бааз дээр байрлаж буй эмч нарт үзүүлж нисдэг тэргээр Чианг Рай хотын эмнэлэгт хүргэжээ. Аврагдсан дөрвөн хүүхэд эмчийн хяналтад байна.
“Өнөөдрийн аврах ажиллагааны үйл явц бидний хүлээж байснаас сайн боллоо. Агуйгаас дөрвөн хүүхэд аварч чадсан нь том амжилт. Гэхдээ бидний ажиллагаа дуусаагүй. Хүүхдүүд дасгалжуулагчийн хамтаар анх олдсон газарт байгаа. Одоо бид дараагийн аврах ажиллагааг 10-20 цагийн дараа эхлүүлнэ. Өнөөдрийнх шиг амжилттай хийхээр хичээх болно” гэж хамтарсан аврах ажиллагааг удирдаж байгаа Наронгсак Осатанакорн мэдэгджээ. Агуйд гацсан хүүхдүүдийг аврах ажиллагаанд 50 гадаадын шумбагч болон 40 тайландын шумбагчид гар бие оролцсон байна. Дараагийн аврах ажиллагаа Тайландын цагаар өглөөний 08.00 цагаас эхлүүлэхээр товложээ.
Г. Батмандах
Эх сурвалж : Guardian Live