“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадам энэ сарын 6-8-нд болсон. Наадамд зориулан Сүхбаатарын талбайд монгол гэр барьж, Монгол туургатны соёл, урлагийн олон төрөл зүйлийг сурталчилсан. Тухайлбал, эдгээр гэрт Монгол Улсаас гадна БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон, Шиньжян Уйгурын Өөртөө засах орон, Хөх нуур муж, ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, Алтай, Сахагийн Бүгд найрамдах Улсын төлөөлөл өөрсдийн соёлыг сурталчлах зүйлсийг дэлгэсэн билээ.
Есөн орон, 200 гаруй уран бүтээлч оролцож байна
Монгол туургатны соёл, урлагийн их наадмын үеэр нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-“Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмын онцлогийг тодотгохгүй юу. Ирэх жил дахин зохион байгуулах уу?
-“Мөнх тэнгэр” наадмын хувьд Монголоос гадна есөн орон, 200 гаруй эрдэмтэн, судлаач, уран бүтээлчид оролцож байгаа. Сүхбаатарын талбайн хоймор хэсэгт оролцогч орны төлөөллийг байрлуулсан бөгөөд гэрт тухайн орны соёлыг илтгэх зүйлүүд үзэсгэлэн байдлаар дэлгэгдэж байна. Урд хэсэгт байрлах жижиг гэрүүдэд хөгжмийн зэмсэг, авдар зэргийг төрөлжүүлэн дэлгэж байгаа. Мөн талбайн зүүн талд 108 метр урт эсгийгээр Монголын нууц товчоогоор сэдэвлсэн бүтээл бий. Харин нөгөө талд 180 метр торгоор Монголын нууц товчоогоор сэдэвлэсэн бүтээл бий. Мөн үзэсгэлэн зохион байгуулаад зогсохгүй соёлын бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж, туургатан улсууд маань өөрсдийн соёлын бүтээгдэхүүнийг борлуулж байгаа. Харин төв тайзнаа долдугаар сарын 6-нд нээлтээ хийж, Монгол туургатнууд парад хэлбэрээр наадамд хүрэлцэн ирж, “Мөнх тэнгэр” хэмээх наадмын бэлгэдлийг хамтдаа угсарсан. Харин 7-нд “Монгол хувцасны нууц товчоо” загварын шоу болсон. Шоунд Ордос, Дээд монголчууд өөрсдийн хувцастай ирж оролцсон. Мөн этно хөгжмийн хамтарсан тоглолт болсон. Наадмын хаалтын үйл ажиллагааг өнөөдөр /2018.7.8/ зохион байгуулж, уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Монгол туургатны соёл урлагийн их наадмыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна. Наадмын онцлог нь, Монгол туургатнууд нэгнийхээ соёлоос суралцан, хамтран бүтээл хийж, цаашлаад соёлоо олон улсад таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон үйл ажиллагаа болж байгаа юм.
-Жуулчдад зориулан өөр ямар үйл ажиллагаа зохион байгуулах вэ?
-Үндэсний их баяр наадмын хүрээнд олон улсын шинж чанартай олон үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Жишээ нь, Морин хуурын олон улсын наадам саяхан болж өндөрлөсөн. Одоо Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Мөнх тэнгэр” Монгол туургатны соёл, урлагийн их наадмыг зохион байгуулж байна. Үүний дараа “Дээлтэй монгол” наадам болно. Мөн долдугаар сарын 11-нд “Улаанбаатарын үдэш” цэнгүүнтэй. Эдгээрээс гадна соёл урлагтай холбоотой маш олон үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Шашин номтой ойр байдаг тул биднийг Дээд Монгол гэдэг
Эдгээр гэр дундаас хамгийн олон зочинтой нь БНХАУ-ын Хөх нуурын муж байлаа. Тус гэрт байрлах гэрэл зурагчин Ү.Уушил сэтгэгдлээ хуваалцав.
-Та гэрэл зургуудаасаа танилцуулахгүй юу?
-Дээд Монголын өв соёлыг төлөөлөн манайхаас дуучин, бүжигчин, туульч, хувцас засалч, найр наадмын удирдаач зэрэг олон хүн ирсэн. Эндээс хараад бидний соёлыг мэдэж болно. Харин бидний газар нутгийг харах боломжгүй байсан. Тиймээс би нутгийнхаа үзэсгэлэнт газруудыг гэрэл зургийн хальснаа буулгасан 50-иад гэрэл зураг авч ирлээ. Зураг бүр үзэсгэлэнт газруудыг тусгаснаараа онцлог. Энэ гэрт зочилсноор Дээд Монголд очсон мэт биднийг ойлгож чадна гэж найдаж байна. Бусад гэрүүдээр явж, Монгол туургатны олон соёлтой танилцлаа. Хамгийн олон, баялаг зүйл авч ирсэн нь Дээд Монголчууд байна.
-Үзэгчид Дээд Монголын юуг түлхүү сонирхож байна вэ?
-Хүмүүс Дээд Монголыг их сонирхож байна. Бид Ар Монголоос их хол амьдардаг. Мөн Хөх нуур Түвдийн өндөрлөгт, далайн төвшнөөс дээш 5000 орчим метр өндөрт байрладаг. Шашин номтой ойр байдаг тул биднийг Дээд Монгол гэдэг юм.
Харсан зүйлээ бусадтай хуваалцмаар байна
Гэрүүдээр орж, Монгол туургатны соёлыг сонирхож байгаа олон жуулчин байсан юм. Тэдний төлөөллийн сэтгэгдлийг сонслоо.
-Намайг Аник Тосел гэдэг. Би Францын Ним хотод амьдардаг. Монголд анх удаа ирж байна. “Мөнх тэнгэр” наадамд зориулсан үзэсгэлэнг үзлээ. Үзэсгэлэнгээс Хамаг Монголын соёлыг нэг дороос харах боломжтой юм байна. Тун сонирхолтой санагдлаа. Наадам үзээд дараа нь Монголын олон газраар аялна. Бидний аялал дөнгөж эхэлж байгаа ч их гоё байна. Үзэж харсан зүйлээ бусадтай хуваалцахыг маш их хүсч байна.
Р.Ренчиндулам