ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжихээр төрийн тэргүүн нар хүрэлцэн ирсээр байна. Хорватын ерөнхийлөгч Колинда Грабар Китарович өнгөрөгч бямба гаригт багаа дэмжихээр Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнгийн хүндэтгэлийн суудалд суусан. Түүнтэй хамт ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев, Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино нар зэрэгцэн сууж, тоглолтыг үзэж сонирхсон.
Тоглолтын эхний гоолыг Оросын тоглогч Черёшев Хорватын хаалганд оруулж, оросууд баяр хөөртэйгээр эхлүүлсэн. Харамсалтай нь энэ байдал удаан үргэлжлээгүй юм. Хорватын ээлжит гоолууд орсоор оросуудыг хүнд байдалд оруулсан билээ. Анхны баярын мэндчилгээг Д.Медведев хатагтай Китаровичид хүргэсэн боловч төгсгөл өөрөөр эргэсэн. Тоглолтын үр дүн торгуулийн цохилтоор шийдэгдэж, хорватчууд илүү азтай байж, цааш тоглох эрхээ авсан юм. Энэхүү ялалтын агшныг хатагтай Китарович сэтгэл өндөр хийж, шилдэг дөрөвт үлдсэн багийнхандаа тусгайлан баяр хүргэсэн.
Дэлхийн хамгийн халуухан эмэгтэй ерөнхийлөгч гэгддэг хатагтай Колинда Грабар Китарович Орост онцгой зочноор хүрэлцэн ирэхдээ онцгой ялалтыг авч чадлаа. Хорватын шигшээ баг Англитай хагас шигшээд өрсөлдөх юм.
21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-д болоход Саудын Арабын ханхүү эвгүй байдалд орж, цэнгэлдэхээс гарч байсан юм. Уг тоглолтод ОХУ-ын шигшээ баг Саудын Арабыг 5:0-оор хожиж байсан билээ. Тухайн үед хүндэтгэлийн суудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин сууж байсан. Тэгвэл энэ удаа Д.Медведев хүндхэн тоглолтын дараа хөөр баяртайгаар гарч чадсангүй. Халуухан хатагтай, ерөнхийлөгч Китаровичийн ялалтын агшин гайхалтай байв.
Ч.ШАРХҮҮ