УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанаар ахлуулсан ажлын хэсэг бүтэн жилийн турш Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа, санал асуулга зохион байгуулсан байдаг. Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл эхний байдлаар бэлэн болж, холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргүүлжээ. Санал авах хугацаа 30 хоног бөгөөд санал ирсний дараа хуулийн төсөлд боловсруулалт хийн, УИХ-д өргөн барих аж. Хэрэв уг төсөл батлагдвал 2021 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм байна.
Энэхүү нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй хамт Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүд ажиллаж байгаа. Дэгийн тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүд санал хураалтад өөрийн биеэр оролцох, бусдын өмнөөс санал өгөхийг хориглох, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын гишүүний насны доод хязгаарыг нэмэх, УИХ-ын ээлжит чуулган чуулах өдрийг нэмэх, хууль батлагдах саналын босгыг өндөрсгөх зэрэг заалтуудыг оруулсан аж.
Мөн эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэхийн тулд УИХ зарим бүрэн эрхээсээ татгалзах, УИХ-ын гишүүн давхар сайд байх тоог бууруулах зэрэг заалтуудыг оруулжээ.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөөс УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагатай холбоотой заалтуудыг онцлон хүргэж байна.
- 25.2 – УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
- 27.6 – УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илэээр гаргаж шийдвэрлэнэ.
- 39.1 – Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно.
- 43.4 – УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.