УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Сүүлийн үед та хэвлэлээс хол хөндий байх шиг байна. Ер нь юу хийж байна даа?
-Эмийн ургамал тарьж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд гаргаж авах судалгааг эрдэмтэдтэй хамтран хийж байна. Мөн инновацийн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, хэрхэн мэдлэг бүтээх хүний нөөцийг бэлдэх үү, хөтөлбөр нь ямар байх уу гэдэг талаар сургуульд зөвлөх хийж байна.
-Бараг л та салбарынхаа ажлыг хийж байгаа юм биш үү?
-Чадаж ядахаараа зүтгэж л байна. Яаж зүгээр суухав. Уул уурхайн баялгаа ухахаас гадна монголчууд бид мэдлэгээрээ амьдрах боломжтой гэж би хувьдаа боддог. Бид юу хийж чадах уу, байгаа боломж нь юу вэ, юугаа бид экспортлох уу гэдэгт төвлөрөх нь энэ цаг үеийн чухал асуудлын нэг болов уу.
-Өнөөдөр УИХ-д бий болоод байгаа улс төрийн хямралт байдал болон тэндээс гарч байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг нь та идэвхтэй ажиллаж байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Болж буй үйл явцыг харж л сууна.
АН-ын гаргасан санал бол компанийн засаглалыг тодорхой болгох гэсэн санаа
-Бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэрийг гаргасан нь энэ Засгийн газрын тодотгох чимэг гэдэгтэй санал нийлэх үү?
-Урьд нь олон удаа УИХ-аар Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг гаргаж байсан. Харамсалтай нь Засгийн газар нь ажил хэрэг болгож чадалгүй явсаар өнөөг хүрсэн. Энэ удаа ажил хэрэг болсон цагт нь Тавантолгой хөдөллөө, эдийн засгийн эргэлтэд орлоо гэж ярихаас бус зөвхөн УИХ-аар тогтоол гаргуулаад авснаар асуудал шийдэгдлээ гэж хөнгөхөн хармааргүй байгаа юм. Үүний цаана хийх асар их ажил байна. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал ямар байна, өр зээл нь хэдий хэмжээнд байгаа юм, хувьцааг бирж дээр нээлттэй арилжаалах хэмжээний компани болж бойжиж чадсан эсэх, санхүүгийн сахилга бат, цаашид нүүрсний борлуулалт ямар байх, хөрөнгө оруулалт босголоо гэхэд орж ирсэн мөнгөө юунд зарцуулах, хэр өгөөжтэй байх, Засгийн газрын өрийн дарамт дахин хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэх вий гэх зэрэг тодорхойгүй олон асуудал байна. Уг нь бол энэ бүхнийг тодорхой болгочихоод гадаад зах зээлд гаргах хэрэгтэй.
-Мэдээж УИХ-аар тогтоолын төслийг баталсан. Харин үр дүн нь?
-Дээр хэлсэнчлэн, УИХ өмнө нь үүнтэй төстэй тогтоолыг гаргаж л байсан. Түүнийгээ ажил хэрэг болгох нь л чухал гэдгийг онцлох гэсэн санаа. Хэрэв энэ удаагийн хувилбараар төслийг явуулбал “Эрдэнэс Тавантолгой” бусдын мөнгийг даах компани мөн үү гэдэгт би хариулт өгч чадахгүй байна даа. Эргэлзээ их байна. Санхүүгийн сахилга бат нь ямар байгааг мэдэхгүй. Ядаж л удирдлага нь итгэл даахгүй. Нүүрсний гэрээ хулгайгаар хийсэн, нэг хэсэг талбайгаа бусдад алдсан зэрэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой таагүй мэдээллүүд их гардаг. Мөн тээврийн өртөг зардал нь тодорхой бус, төмөр замын том асуудал урд нь хүлээгдэж байна. Компанийн засаглал нь бусдад итгэл төрүүлэхүйц биш байна. Мөн улс төрөөс ангид болсон гэдгээ өнөөдрийг хүртэл нотлоогүй. Хөгжлийн төлөвлөгөө нь тодорхойгүй. Томилгоо бүр нь улс төрийн шинжтэй. МАН ялбал удирдлагуудыг нь сольдог, У.Хүрэлсүх гарвал дахин дарга нарыг нь сольдог ийм тогтворгүй засаглалтай компанид хүн итгэхгүй шүү дээ. Магадгүй 2020 онд ялсан нам нь дахиад л удирдлагуудыг нь солино гээд тогтворгүй байдал цаашид ч хэвээр үргэлжилнэ байх. Ийм байдалд хэн итгэж хөрөнгө оруулалт өгөх үү. Би бусдыг өөлж улстөржих гэсэнгүй. Асуудлын бодит байдлыг л харахыг оролдож байгаа юм л даа.
-УИХ дахь АН-ын зүгээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн энгийн хувьцааны хяналтын багцаас доошгүй хэсгийг иргэдэд эзэмшүүлье гэдэг саналыг гаргасан ч олонхийн бүлэг дэмжээгүй. Таны хувьд тус саналыг дэмжиж байна уу?
-Иргэдэд хувь эзэмшүүлье гэдэг нь засаглалыг тодорхой болгох гэсэн л санаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын оролцооноос холдуулж нээлттэй компани болгох юм. Компанийн засаглалд хэдхэн зарчим бий. Хариуцлагатай, нээлттэй, шударга, төлөвлөгөөтэй байх гэсэн эдгээр зарчмаа компани хэрэгжүүлэхийн тулд иргэд нь хувь эзэмшиж, Засгийн газар нь оролцоогоо багасгаж удирдлага, менежментийн баг нь олон улсын жишгээр томилогдож, Удирдах зөвлөлд нь хувь эзэмшигчдийнх нь төлөөлөл орж дэлхийн жишгийн дагуу компанийн үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Нээлттэй компани болсноор ялангуяа засаглалынхаа хувьд илүү чадвартай болно.
-Оюутолгойн гэрээний талаар монголчууд хоёр талцаад есөн жил болж байна. Энэхүү гэрээ тойрсон сайн, муу гэх шүүмжлэл тайлбар одоо ч өрнөсөн хэвээр. Оюутолгой, Дубайн гэрээ тойрсон хяналт шалгалтын ажил эрчимжиж эхэлсэн нь улс төрийн хүрээний халуухан сэдвийн нэг байлаа. Оюутолгой гэрээг байгуулах үед УИХ-д байсан гишүүний хувьд та ямар тайлбар өгөх вэ?
-Уул уурхайн томоохон ордууд ямар нэгэн байдлаар эргэлтэд орох нь тодорхой. Ингэхдээ бодлого болон компанийн засаглалд тодорхой шийдлүүд гарах ёстой. Хэрэв тухайн Засгийн газар алдаа гаргасан бол дараагийн бодлого гаргагч хүмүүс нь засаад явдаг учиртай юм л даа. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай гэвэл энэ нь тусдаа зүйл. Бодлогын алдаа, гэмт хэрэг хоёрыг бид салгаж ойлгох хэрэгтэй. Хэрэв тухайн үед Оюутолгой төслийг хөдөлгөөгүй байсан бол монголчууд бидний амьдрал өнөөдрийнхөөс ялгаатай л байх байсан.
-“Энэ гэрээг байгуулсны үр дүнд Монголын ард түмнийг өрөнд унагасан. Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө бид бараг өргүй байлаа” гэж Оюутолгой төслийг шүүмжлэх хүмүүс хэлдэг. Мэдээж төслийг хөдөлгөхөөс өмнө бид амьдарч л байсан. Багш, эмч нарынхаа цалинг тавьж чаддаг л байсан гэдэг?
-Аливаа зүйл сайн, муу хоёр талтай байдаг шүү дээ. Оюутолгой бидний амьдралд нэмэр болж байгаа нь туйлын үнэн. Мөн эсрэгээрээ биднийг залхуу болгож халамжийн хавтгайрсан бодлого явуулахад Оюутолгой тусалсан. Яагаад гэвэл бэлэн орлого их хэмжээгээр орж ирсэн. Эдийн засаг огцом өсч зах зээлд үнийн хөөрөгдөл бий болсон гээд муулах тал ч бий. Оюутолгой Монголын эдийн засгийн нэг хөдөлгөгч хүч нь мөн үү гэвэл мөн. Өөрийн тань хэлсэнчлэн Оюутолгойгүйгээр монголчууд амьдрах уу гэвэл амьдарна. Гол нь энэ хоёрын дунд амьдралын чанарын тухай л ялгаа бий.
-Өмнөх алдааг нь дараагийн бодлого гаргагчид засч сайжруулна гэлээ. Тус гэрээнд яг ямар ямар заалтууд орсноор монголчуудад ашигтай гэрээ болох вэ?
-Юуны өмнө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компанийг Оюутолгой дээр байнга ажиллуулах хэрэгтэй. Монголын Засгийн газар гаднаас аудит авахаас мөнгөө харамлаж болохгүй. Санхүүгийн талыг нь хардлага, сэрдлэггүй болгохын тулд хяналтыг нь сайжруулах ёстой. Санхүү ил тод болсноор бусад асуудал нь бизнесийнхээ зарчмаар явна. Хэрэв Рио Тинто 34 хувийг эзэмшигч талыг илт хохироосон гэдгийг аудит илрүүлэх юм бол бид компаниас өндөр төлбөр авна. Тиймээс Засгийн газрын хийх ажил нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний аудитын компанийг байнга хөлсөлж авах. Гэхдээ ганц компаниар биш тодорхой хугацааны дараа өөр аудитын компаниар солих хэрэгтэй. Ингэж чадвал өнөөгийнх шиг хардлага сэрдлэггүй ил тод болно. Хоёрдугаарт, Оюутолгой төслөөс орж гарч байгаа мөнгөний урсгалыг шилэн болох хэрэгтэй. Талуудын итгэлцлийг яаж бий болгох уу, бага хувь эзэмшдэг, ТУЗ-д цөөхөн төлөөлөлтэй бид яаж хохирохгүй байх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Бүтэхгүй зүйлийн араас явж цаг хугацаа алдсанаас бүтэх зүйлээ барьж авч ажил хэрэг болгох нь илүү өгөөжтэй. Өгөөжөө л бодох хэрэгтэй биз. Компанийн орлого, зарлагыг нээлттэй байлгахад манай ТУЗ-ийн гишүүд байнга шахаж ажиллах ёстой. Тэдний үүрэг нь ч энэ.
-Гэтэл өнөөдөр ‘Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Ялангуяа Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх ёстой гэдгийг зарим улстөрч хэлдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тэд нээлттэй бус байгаа нь үнэн. Нээлттэй байх гээд би ингэж байна, тэгж байна гээд популист яриад байх нь нэг өөр хэрэг. Нөгөө талд тэд хурал дээр ямар байр суурь илэрхийлж байна вэ гэдгийг бид мэдэхгүй. ТУЗ-ийн гишүүд компанийн ахиц дэвшлийн төлөө ажиллаж байгаа гэдэгт би найдаж байна. Мэдээж тэдний ил тод бус байгаа нь олон нийтэд таалагдахгүй байгаа. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүн тэнд юу болж байгаа талаар мэдээлэл өгч ил тод байх хэрэгтэй. Хав дараад байх тусам энэ нь нийгэмд хардлагыг дагуулж байна. Өнөөдөр нийгэм өөрөө асар нээлттэй болсон шүү дээ.
-Тантай мөр зэрэгцэн ажиллаж байсан намын нөхөд Оюутолгой асуудлаар шалгагдаж буй. Хэсэг хугацаанд хоригдсон ч суллагдсан. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэв?
-Дээр хэлсэнчлэн, хэрэв бодлогын алдаа гарсан бол холбогдох хүмүүс нь засч сайжруулах, гэмт хэргийн шинжтэй бол хууль шүүхийн байгууллага шалгах нь зөв. Гэхдээ энэ хоёрыг салгахгүйгээр өнөөдөр хольчихоод байна. Бодлогын алдаа гарсан эсэхийг шүүхэд өнөөдөр хэт эрт байна. Яагаад гэвэл гүнийн уурхайн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байна шүү дээ. Магадгүй өнөөдөр сүр бадруулж байгаа хүмүүс хэдэн жилийн дараа хэлсэн ярьснаасаа ичиж ч магадгүй, аль эсвэл бахархахыг ч үгүйсгэхгүй. Оюутолгой төслийг хүмүүс үзэн ядаж байна. Зарим хүн тус төслийг муу болсон гэж ард түмэнд итгүүлсэн. Гэтэл үүнийг нотлохын тулд хорьж, цагдах нь зөв гэдэг байдлаар асуудалд хандсанаар шүүхийн ажил явахгүй. Мэдээж гэмт хэргийн шинжтэй бол шалгах ёстой. Үүнийг хэн ч буруу гэж үгүйсгэхгүй. Хуулиа л харах хэрэгтэй. Хуулийн үг, үсгээр явах хэрэгтэй. Хорьж цагдахаас илүүтэйгээр шалгах үйл явц нь өөрөө хуулийнхаа дагуу явагдах ёстой. Цагдан хорьж шалгаснаар үр дүнд хүрдэг гэсэн уламжлалт сэтгэхүйгээр өнөөдөр хуулийн үйл явц явагдаж байна. Улс төрийн болон бодлогын шийдвэрийг нь буруутгаж хүнийг яллана гэдэг нь болчимгүй үйлдэл шүү.
-Та тухайн үед эмзэглэсэн л байлгүй?
-Тэгэлгүй яахав. Тэд яг ямар алдаа гаргасан болохыг олон нийтэд үнэндээ хэлсэнгүй шүү дээ. Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байж магадгүй гээд барьж хориод байвал одоо Тавантолгой төсөл дээр ч гэсэн бүгд хоригдох болж байна уу. Тавантолгойн 30 хувийг хоёр тэрбум ам.доллараар зарсан гэдгээр хожмын хойно хэн ч буруутгаж чадна. Уг нь бол дээрх хоёр тэрбум ам.доллараас хулгай хийсэн тохиолдолд шоронд орох ёстой байтал шийдвэр гаргасных нь төлөө хорьж цагдан эрүүгийн хэрэг болгож болохгүй.
-Хүч хэрэглэдэг хуулийн энэ байдал танай намын үед ч гэсэн байсан, тийм үү?
-Тийм ээ. Ер нь бол авлига, албан тушаалын хэрэгтэй тэмцэх гэдэг нь хэцүү л дээ. Хэцүү гээд улстөржсөн байдлаар тэмцэж болохгүй. Хуулийн дагуу л тэмцээд явахад алхам алхмаар урагшилна гэж бодож байна.
Намын удирдлага С.Баяцогтыг хөөхөөсөө өмнө тайлбар сонсох байсан
-Та С.Баярцогт, Ч.Сайханбилэг нартай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Ойрд намын хурал цуглаан ч болсонгүй. Ер нь уулзалгүй удсан. Бүгд дор дороо хувийн амьдралтай хүмүүс. Улстөрч хүнд ч гэсэн ар гэрийн амьдрал гэж байдаг юм шүү дээ. Хамгийн сүүлд намын дотоод сонгуулийн үеэр уулзалдсан.
-АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдээ нэгтгэж чадахгүй байна гэж гэх шүүмжлэл гарах боллоо?
-Намын дүрэм нь нэгтгэх учиртай. Хаврын чуулганаар намуудын тухай хууль өөрчлөгдөх болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Гэвч эрх баригч нам худлаа попроод өнгөрлөө. Улс төрийн нам өөрийн дүрмийнхээ хүрээнд амьдардаг. Энэ дүрэм нь Улс төрийн намын тухай хуулиас ургаж гарна. Өнөөгийн Улс төрийн намын тухай хуульд намуудын дотоод сонгууль ямар байх вэ гэдгийг хэлж өгч чадахгүй байна. Мөн улс төрийн намуудын санхүүжилт, хяналт нь ямар байх уу гэдэг асуудал бүр орхигдсон. Тиймээс намууд хэтэрхий дур зоргоороо явж ирсэн. Бусад бүх байгууллага хуулийн дотор амьдарч байхад зөвхөн улс төрийн намууд хуулийн гадна үйл ажиллагаа явуулж байна. Дотоод сонгууль нь будилаантай болох, эсвэл сум баг, дүүрэг, хороодод аль нэг дарга нь гишүүдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж байхад хэн ч тоохгүй. Ингэж л дураараа амьдарч байна шүү дээ.
-УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам эрх баригчаас сөрөг хүчний байр сууринд шилжсэн. Тиймээс танай нам шинэчлэгдэх гэж өнгөрсөн хугацаанд багагүй оролдлоо. Үнэт зүйлээ гээснээс бид өнгөрсөн сонгуульд ялагдсан гэдэг тайлбарыг тухайн үед хэлдэг байлаа. Үнэт зүйлээ эгүүлэн олж чадсан болов уу?
-Манай нам шинэчлэгдээгүй гэж бол би хэлэхгүй. Шинэчлэлт явагдсаар л байгаа. Монголчууд ардчилсан намд итгэж байна гэсэн тэр итгэлийг авсан өдөр манай намд шинэчлэгдлээ гэж хэлнэ. Шинэчлэгдсэн гэдгийг ард түмэн л сонгуулиар дүгнэнэ. Түүнээс биш өөрсдийгөө бид шинэчлэгдсэн гэж нүүр бардам хэлж чадахгүй. Хэлээд ч утгагүй юм. Нөгөө талаар Улс төрийн намын тухай хуулиар намуудын үйл ажиллагааг жигдэлж өгөхгүй бол нэг нь 60 тэрбум ярьж, нөгөө нь нээлттэй, ил тод байдал яриад байж чадах уу.
-АН даргаа анх удаа бүх гишүүнээсээ сонгосон. Намын дарга хэн болохоос Ардчилсан нам яаж шинэчлэгдэх нь шийдэгдэнэ гэж нэг хэсэг нь харж байгаа. С.Эрдэнэ дарга хэр ажиллаж байна вэ?
-Нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Багийн ажиллагаа, хамтын үйл хэрэг. Ганц хүнээс хамаарах зүйл биш юм. С.Эрдэнэ даргыг магтах юм бага байна. Эсрэгээрээ энэ хүнээс боллоо гэж муулах шалтгаан бас алга. АН-ыг илүү нээлттэй болгож ард түмэнтэйгээ ойртуулах ажлыг С.Эрдэнэ даргын хувьд хийж чадна гэж хардаг. Намын нийт гишүүдийн хүсэл зориг анхан шатыг удирдаж байгаа дарга нарын үйл хэргээс ихээхэн хамаарах гээд байна. Тэнд булхай, луйвар гарч байгаа болохоос биш үүнийг дээрээс зохион байгуулдаг гэж хэлэхэд бол хэцүү. Намын гишүүдийн нэрсийг ил тод болгох, бодлогын байгууллагуудынхаа үйл ажиллагааг тогтворжуулах зэрэг хийх ажил намын даргад их бий. Гэхдээ дан ганц нэг хүнээс хамаарахгүй гэдгийг ер нь хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Жишээ нь, дэлхийн хөлбөмбөгийн аваргын тэмцээнийг харахад нэг номерын тамирчинтай багууд ялагдаж л байгаа биз дээ. Үүнээс харахад багаараа яаж зохион байгуулалтад орох уу, хамтаараа яаж асуудлынхаа ард гарах уу гэдэг эрмэлзэл байх ёстой. Цаашид бодлогын шийдвэрүүд гаргах чадамж намд хэрэгтэй байна. Үүнийг яаж бий болгох уу гэдэг том даалгавар намын даргад бий. Хаа нэгт нь алдаа гарахад л буруу тийшээ эргэнэ. Энэ бүхэнд мэдээж цаг хугацаа шаардагдана. Ямартай ч манай нам алдаагаа олоод харчихсан гэж би хувьдаа боддог.
-Ямар алдаа вэ?
-Тодорхой хүмүүс анхан шатанд очиж намыг хувьчилж авч, мөнгөтэй хүмүүс улс төрийн намын удирдах төвшинд илүүтэй орж эхэлснийх. Гурав дахь алдаа нь бодлогын залгамж халаа алдагдсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, үнэт зүйлээ хамгаалсан бодлогоо нам гаргаж чадаагүй. Нийгэмд үүссэн тодорхой асуудлуудыг шийдэхдээ намынхаа үнэт зүйлээ уландаа гишгэж шийдвэр гаргах явдал байсан.
-С.Баярцогтыг намаасаа хассан нь үнэт зүйлээ уландаа гишгэсэн шийдвэр мөн үү. Тухайн үед АН-ын удирдлагууд асуудалд хэт яаруу сандруу хандав уу даа л гэж харсан, сэтгүүлчийн хувьд?
-Оффшороос монголчууд татгалзлаа гэдэг том шийдвэрийг хэрэгжүүлэх гэж хичээсэн байх. Нөгөө талд үнэт зүйлээ уландаа гишгэсэн нь үнэн. С.Баярцогт гэмт хэрэг хийсэн гэдэг нь нотлогдсон эсвэл гэм буруутай эсэх нь батлагдаагүй байхад намаасаа хасна гэдэг нь дээр хэлсэнчлэн тодорхой асуудлыг шийдэх гээд өөртөө хадгалж явах тэр үнэт зүйлээ хаячихдаг. Ийм л зүйл болсон. Уг нь тухайн хүний тайлбарыг сонсох, шүүхийн шийдвэрийг нь харах зэрэг намын гишүүнийхээ эрхийг хангах нь ардчиллын үнэт зүйл шүү дээ. Ер нь намын үйл хэрэгт алдаа гарахыг үгүйсгэхгүй. Үзэл санаа, үнэт зүйлээ үйл хэргээрээ нотлоод явахын төлөө хичээх хэрэгтэй. Түүнээс энэ бүхнийгээ үгүй хийгээд нийгмийн хандлага хаана байна, тэр бүхэн рүү дагаж шуурч болохгүй юм л даа. Ерөнхийдөө улс төрд тогтвортой байр суурь гэж алга боллоо. Байр сууриа хамгаалахаа болилоо. Уг нь байр сууриа хамгаалж чадах юм бол ард нь гардаг гэдгийг хүн төрөлхтний түүх бидэнд нотолж ирсэн шүү дээ.
-УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалах тухай бичлэг цацагдаж нийгэмд дуулиан шуугиан тарьсан энэ хэрэг өнөө хэр нэг талд шийдэгдээгүй байна. 60 тэрбумын асуудалд хариуцлага тооцсоны дараагаар намуудын тухай хуулийн өөрчлөлтийг ярих нь зөв гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлдэг. Таны байр суурийг сонирхмоор байна?
-Улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод, шилэн болгож аудитаар шалгадаг болсноор төрийн албыг худалдах аюулаас сэргийлнэ гэж хардаг. 60 тэрбумын асуудалд ямар хариуцлага оногдуулах уу гэвэл энэ УИХ тарах ёстой. 60 тэрбумын үр дүн бол МАН-ын 65 гишүүн шүү дээ. Түүнээс бичлэгт дуу хоолой нь орсон хүмүүст хэрэг хүлээгээд үр дүнд нь гишүүн болсонууд нь цатгалан царайлаад яваад байх нь зарчимгүй биш гэж үү.
– УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ хэргийг дахин сөхөж, олон нийтийн дунд нээлттэй сонсгол хийхийг хүссэн эхний алхмаа хийж буй хэрэг гэж харж байна л даа?
-60 тэрбумын хэргээр эрх баригч нам дотроос асуудал дэвшүүлж эхэлсэн нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын асуудалтай үнэхээр тэмцэж байгаа бол УИХ-ын гишүүнээсээ татгалзсан өргөдлөө өгөх хэрэгтэй. Ингэж чадвал энэ нь маш том үйл хэргийн эхлэл болно. Мөн нээлттэй сонсгол хийхийг дэмжиж гарын үсэг зурсан бусад 19 гишүүн ч мөн адил. Нөгөө талаар 60 тэрбумыг намын дарга нь аваад идчихсэн гэж би бодохгүй байгаа. Тэр мөнгө цугларсан бол сонгуульд зарцуулсан байгаа. Сонгуульд зарах мөнгөний тухай л яриад байгаа шүү дээ тэр яриаг сонсохоор. 60 тэрбумын асуудлыг нэг талд нь гаргахын тулд дээр хэлсэнчлэн шиг УИХ тарах шаардлагатай.
-Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Танай намаас хэн нэр дэвших бол. Прогноз танд байна уу?
-Мэдэхгүй ээ. Нөхөн сонгуульд МАН хүнээ нэр дэвшүүлж болохгүй. Хүчингийн хэрэгт холбогдсон гишүүнийхээ өмнөөс уучлалт гуйгаад тус сонгуульд оролцохоос татгалзаж бусад намд боломж олгох хэрэгтэй.
-Та өнгөрсөн хугацаанд боловсролын салбарыг авч явсан хүний хувьд өнөөгийн боловсролын салбарын үйл ажиллагаанд анхаарал хандуулдаг л байлгүй. УИХ-ын хаврын чуулганаар Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа. Тус хуулийн үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?
-Багшийн хөгжлийн хуулийг Боловсролын тухай хуулиас нь салгаж үнэгүйдүүлсэн хууль боллоо гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл, Боловсролын тухай хууль гээд том багц хууль бий. Үүн дундаас нь аль нэгийг нь сугалж гаргаад хуулийг сэглэж болохгүй.
-Тэгвэл боловсролын салбарт анхаарах чухал зүйлс нь юу вэ?
-Үнэлгээний систем дээрээ онцгой анхаарах хэрэгтэй. 21-р зууны иргэд олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх чадвартай байх, ашиглаж чадах тэр чадваруудын үнэлгээг яаж цааш нь эрчимжүүлэх вэ гэдэг том даалгавар сайдынх нь өмнө байна. Мөн МУБИС-ийг төгсөж байгаа сайн залуучуудыг багш болгох хэрэгтэй. Энэ жил бараг 1000 гаруй маш сайн залуу төгссөн. Эдгээр төгсөгчийг мэргэжлээр нь ажиллуулах тал дээр яам онцгой анхаарах хэрэгтэй. Тэднийг өөр салбар руу алдах юм бол хүний нөөцийн маш том хохирол амсана. Мөн боловсролын салбараа хөгжүүлье гэвэл Багшийн сургуулийг л хөгжүүлж, анхаарах явдал юм. Багшийн сургуульд маш их хөрөнгө оруулалт хийж, тэнд манлайлал бий болгох хэрэгтэй. Тэндээс төгссөн сайн залуучуудыг ажлын байртай болгох хэрэгтэй. Дээр нь нэмж хэлэхэд, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого гээд УИХ-ын баталсан баримт бичиг бий. Элдэв шинийг санаачлахаас илүү энэ бодлогоо хэрэгжүүлэхэд ямар ч асуудал үүсэхгүй. Одоо Засгийн газар халаа сэлгээгээ болих хэрэгтэй. Боловсролын салбарын халаа сэлгээ нь салбартаа хамгийн их хортой шүү. Бараг бүтэн жил энэ салбар Төрийн нарийн бичгийн даргагүй явлаа. Ерөнхий сайд нь энэ салбартаа онцгой анхаарлаа хандуулмаар юм билээ. Мөн Боловсролын хуулиа мөрдөж байна уу үгүй юу гэдэг хуулийн хэрэгжилтэд заавал аудит ордог болмоор байгаа юм.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна.
-Баярлалаа. Боловсролын салбарыг нуруун дээрээ авч яваа Монголынхоо нийт эрдэмтэн багш нартаа эрдэм түгээх их үйлсэд нь амжилт хүсье.