Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцыг бий болгосон 1993 оноос хойш эдүгээ тав дахь Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тангаргаа өргөн үүрэгт ажилдаа орсны нэг жилийн ой маргааш /2018.07.10/ болох гэж байна.
Ерөнхийлөгч болгон өөр өөрийн өв, түүхийг үлдээгээд явдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн түүх Монголын түүхэнд анх удаа хоёр шатны санал хураалтаар гарч ирсэн гэдгээс эхэлж бичигдсэн. Парламентын сөрөг хүчин Ардчилсан намын нэр дэвшигч тэрбээр парламентын олонх болсон МАН-ын дарга /тухайн үедээ/, УИХ-ын дарга М.Энхболдыг ялан гарч ирсэн.
Зураач, тамирчин, ганзагын наймаачин явсан өнгөрсөн түүхийг байнга эргэн сөхөх хэсэг, авлигачид, оффшорчид, Хятадын талыг баримтлагчдыг үзэн ядах хэсэг гэсэн нийгмийн хоёр хандлага дунд түүний эхний нэг жилийн түүх бичигджээ. Цаазын ялыг эргэн сэргээх, уул уурхай даган баяжсан 30 гэр бүлийг зарлах, авлигатай нь биш АТГ-ын даргатай тэмцэж байгаа үйл явц, ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтоор дамжуулан нүүрс зөөх, уул уурхайн зарим төслийн мөнгөн гүйлгээг Монголбанкаар дамжуулах, ШХАБ гээд түүний санал, санаачилга, байр суурь болгон түүнийг дэмжин санал өгсөн болон дэмжиж санал өгөөгүй хэсгийн үгэн тулааныг өдөөж байлаа. Сонгуулийн сурталчилгааных нь салшгүй хэсэг байсан хар массыг өдөөх тактикаа Ерөнхийлөгчийн багийн үргэлжлүүлсээр байна. Хар масс гэдэг үгийг хэвлэлээр олонтаа бичиж байгаа ч энэ үгийг хэрэглэж байгаад эмзэглэдэг байдал ажиглагддаг. Гэсэн ч чухамхүү хар массын санаа бодол түүний тулах цэг, түших суурь нь гэдгийг нийслэлийн бүх дүүрэг, 21 аймгаар тойрон иргэдтэй хийсэн уулзалт, албан ёсны цахим хуудсаараа дамжуулан иргэдээс санал авч зарим асуудлыг албажуулж байгаагаас харагдсан. Үүний нэг жишээ нь АТГ-ын даргад тохирох хүний талаарх санал асуулгыг явуулж, тохирох хүнийг АТГ-ын даргаар ажиллуулахыг парламентад санал болгосон ч энэ оролдлого талаар болсон.
Төрийн институцын хувьд парламенттай харилцах харилцаа анхаарал татаж байна. Хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд хэд хэдэн хуулийн төсөл санаачлан өргөн барьж, мөн дөрвөн удаа хориг тавьжээ. Гэсэн ч дөрвөн хоригоос нэг нь дэмжигдэж, хуулийн төслүүд буцаагдлаа. Бизнесмэн хүний хувьд эдийн засгийн харилцаатай хэд хэдэн санаачилга төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа ч эдгээр нь Ерөнхийлөгчийн гэхээсээ илүүтэй, Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд хамаарах асуудлууд юм.
Тухайлбал, ноолуур, төмөр зам, ачаа тээвэр, дотоодын бүтээн байгуулалтад батлан хамгаалах хүчний дайчлах гээд цаасан дээр буусан төсөл, хөтөлбөр түүнд бий. Хамгийн сүүлд төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргийг шийдсэний дараа чуулганаа завсарлуулахыг сануулсан нь ч парламент ном журмынхаа дагуу завсарлаад байна.
Хориг тавих нь Ерөнхийлөгчөөс парламентад хяналт тавих гол харилцаа байсныг 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр байхгүй болгосон. Тэр тусмаа Ерөнхийлөгч нь өөр намаас сонгогдсон, парламент нь өөр намын үнэмлэхүй олонхитой үед хориг бол зөвхөн байр сууриа илэрхийлэх хэлбэр болсон. Хоригийг хамгийн олон удаа, улс төрийн нөхцөл байдлыг өөрчлөгдтөл ашиглаж чадсан Ерөнхийлөгч бол Нацагийн Багабанди гэдгийг энд сануулахад илүүдэхгүй.
Гадаад харилцаа, гадаад бодлого бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийн нэг хэсэг. Өнөөгийн Ерөнхийлөгчийг сонгогдох үед анхаарал татаж байсан нэг зүйл нь ч энэ байсан. Гадаад бодлогын хувьд огцом эргэлт хийгээгүй ч ШХАБ-д ойрын үед бүрэн эрхт гишүүн болно гэсэн мэдэгдэл нь энэ хаврын улс төрийн том хэлэлцүүлгийн нэг болоод амжсан. Нэг жилийн хугацаанд ганц албан айлчлал хийсэн нь өнгөрсөн зургадугаар сард болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон, Монгол-Орос-Хятадын тэргүүн нарын гурван талт уулзалтыг хийж чадсан нь амжилтад тооцогдоно. Харин ШХАБ-ын гишүүнчлэлийн талаар дахин том мэдэгдэл хийгээгүй байна.
Дөрвөн жилийн түүхээ бичиж эхэлсэн Ерөнхийлөгч Х.Баттулга ямар өв үлдээхийг тодорхойлох хангалттай хугацаа өнгөрөөгүй байна. Улстөрч имижээр биш тамирчин, бизнесмэн имижээр олонд танил болсон Х.Баттулгын хувьд Ерөнхийлөгч болох эв дүйгээ олох гэсэн нэг жил байлаа. Угаасаа Монгол төрийн энэ эрхэм дээд сэнтий өөрөө гол имиж билээ.
Холбоотой мэдээ